Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж нийт тэмцээнд орж байгаа оролцогчдод амжилт хүсч, баяр хүргэлээ. Спортын нөхөрсөг тэмцээний арга хэмжээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба нийт 14 багийн 140 гаруй иргэд спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм.
Засаг даргын орлогч Д.Энхтөр “Цаашдаа нийслэлийн ойн өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байх шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өчигдөрхөн байгуулагдаад анхныхаа хурлаа хийгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж зарим зүйлүүдийг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь тэдний олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )