АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний өдрийн тэмцээн өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.
Өнөөдрийн сүүлийн төрөл болох 1 цагийн "Тооны Марафон" төрөлд 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Э.Пүрэвжав хэдхэн цифрийн зөрүүгээр алтан медалийн оосроос атгаад алджээ. Тэрбээр 1 цагт 2950 цифр тогтоон алдаагүй санасан байна. Хамгийн удаан буюу гурван цаг үргэлжилдэг энэ төрөл анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаарддаг билээ.
Тооны марафон төрөлд:
1-р байр: Дэлхийн #1, Алекс Мюллин (Америк) - 3115 цифр
2-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 2950 цифр
3-р байр: Дэлхийн #4, Саймон Раянхард (Герман) - 2276 цифр
Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүд болоод насанд хүрэгчдийг ардаа орхиж Н.Намуундарь (12 нас) 8 дугаар байрт орсон бол 9-р байрт Б.Хангал шалгарчээ.
Тэмцээний дүрэм: 1 цагийн хугацаанд нэг эгнээндээ 40 дурын цифр бүхий аль болох олон мөр цифр тогтоон 2 цагийн хугацаанд цээжилсэн бүх цифрийг алдаагүй санах;
Оноо дүгнэх: Эргэн санахдаа нэг эгнээндээ нэг л цифр алдахад тал оноо буюу 20 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад оноо авахгүй буюу 0 оноо.
Сэтгэгдэл ( 0 )