АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп өчигдөр эхэлсэн. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монголоос оролцож буй тамирчид эхний өдөртөө хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрөл болж, аваргаа тодруулсан байна.
Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өнөөдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо.
Мөн маш хатуу дүрэмтэй энэ төрөлд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
"Флаш Тоо" төрөлд:
1-р байр: Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) - 486 цифр
2-р байр: Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) - 408 цифр
3-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 232 цифр
Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин 4-р байрт ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас), 7-р байрт Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас), 8-р байрт ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас), 9-р байрт Н.Намуундарь (12 нас), 10-р байрт ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас), 11 дүгээр байрт Б.Хангал (11 нас) нар тус тус шалгарчээ.
Хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангаад байгаа ажээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
Доор нь ийм асар их потенциалтай залуус байхад дээр нь хөлдүү үхэрнүүд төр барьж байгаа нь харамсалтай.