БНХАУ-ын Тайпей хотод аравдугаар сарын 21-26-нд зохион байгуулагдсан Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Модон бөмбөгийн V тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оюутны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Тэмцээнд 7 орны 150 гаруй баг тамирчид, албаны төлөөлөгчид оролцсон ба спортын 9 төрөлд 32 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн өмнө нь Тайвань, Тайланд, Уганда улсад зохиогдож байсан бөгөөд манай улсын баг тамирчид Тайваньд болсон тэмцээнд 10 жилийн өмнө анх удаа орж байсан бол энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй Тайваныг зорин өндөр амжилт гаргалаа.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд ХААИС-ийн тамирчин спортын мастер Б.Баянбулаг, МЭС-ийн МЭЗ-3-р ангийн оюутан Ч.Ууганбаяр, АЭС-ийн ГК-2-р ангийн оюутан М.Хүрэлмөнх, МААБТС-ийн ЗИТ-4-р ангийн оюутан Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг нар оролцлоо.
Эрэгтэй багийн дүнгээр нийт 411 оноотой Малайзын багтай тэнцэж, тамирчин Ш.Батжаргал, М.Хүрэлмөнх нар 24 зам тоглоход тус бүр нэг цохилтоор оруулсан цохилтыг тооцож, чанарын хувьд илүү байснаар эрэгтэй баг III байр эзэлж хүрэл медалийн эзэд болсон байна. Эхний байруудад Хонгконг 366 оноо, Тайвань 383 оноотойгоор тус тус шалгарчээ.
Талбайн цохилтын холимог хосын төрөлд оролцсон Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар эхний тойрогтоо хийлж, дараагийн тоглолтод Тайваний хосыг хожиж, алтан медалийн төлөө Тайландын хосод хожигдон мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр энэ удаагийн тэмцээнээс Монголын тамирчид модон бөмбөгийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Монголын тамирчид манай оронд өндөр хөгжсөн шигшээ багийн төрлүүд болох жүдо, шатар, чөлөөт бөх, буудлага, боксын төрлөөс оюутны дэлхийн аваргын тэмцээний медаль хүртэж байсан бол олимпийн бус төрөл, шинэ тутам хөгжиж байгаа модон бөмбөгийн төрөлд мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирч түүхэн амжилтын эзэд болж чадлаа. Манай тамирчид гаргасан амжилтаараа спортын дэд мастер, спортын мастер, олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )