Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Орхон аймгийн шүүхэд ажиллалаа

2016 оны 11 сарын 18

Энэ сарын эхээр Орхон аймгийн 184 иргэний дунд санал асуулга явуулахад 80 нь шүүх шинэчлэгдэж байна гэсэн бол 39 нь "үгүй” гэж хариулжээ. 27 иргэн шүүхийн талаар маш сайн, 33 нь сайн, 80 нь дунд, 21 нь муу мэдэж байна гэсэн аж. Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээг 148 иргэн "Сэтгэлд нийцэж байна” гэж дүгнэсэн байна. Мөн 109 иргэн шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээлгүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан 184 иргэний 146 ( 89 хувь) нь шүүхэд итгэдэг гэдгээ хэлжээ.

  Орхон аймгийн шүүх иргэдээс ийм дүн авснаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нарт танилцууллаа.

  "Шүүх иргэдийн итгэл дээр тулгуурладаг. Шүүхийн шинэтгэл амжилттай хэрэгжиж байгаа гэдэг дүгнэлтийг олон улсын хараат бус шинжээчид хийсэн. Танай шүүхийн талаарх иргэдийн дүгнэлт ч үүний баталгаа болж байна. "Шүүхэд гарч байгаа энэ эерэг өөрчлөлтөө олон нийтэд таниулж байхгүй бол шинэтгэлийг нураах зорилготой хүмүүс түрүүлж худал мэдээлэл тараагаад байгаа шүү” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шүүхэд ажиллах үеэрээ уламжилсан. Тиймээс та бүхэн шүүхийн шинэтгэлийн эерэг үр дүн, сайн мэдээг олон нийтэд маш сайн сурталчилж, ярьж таниулж байгаарай” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга захилаа.

  Орхон аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан О.Рагчаа "Миний үед шүүх хуралдааны танхим ганц ширээтэй, жижигхэн өрөө байлаа. Саяхан шүүхээрээ ороход өөр ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрлөө. Шүүх хэдхэн жилийн дотор ямар их өөрчлөгдөө вэ. Ажиллах нөхцөл, тоног төхөөрөмж үнэхээр сайжирчээ” гэж хэдхэн хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад ярьж шинэтгэлд баярлаж байгаагаа уламжилжээ. Энэ бол шинэтгэлийн бодит үр дүн гэдгийг мөн онцолсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Орхон аймгийн шүүхэд ажиллалаа

  Шүүхэд гарч байгаа ийм эерэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх дургүй нөхдүүд ч байдгийг жишээ татаж ярилаа. Эрх мэдэлтнүүд шүүхээс "бүдүүн дарга” хайдаг, түүнийг олж харилцаа тогтоохыг эрмэлздэг. Шүүхийн шинэтгэлээр шүүхэд "бүдүүн дарга” олдохгүй болсон. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөж, хэн дуртайтай нь уулзахаа больсон. Тэгтэл зарим аймгийн Засаг дарга аймгийнхаа шүүхийн Ерөнхий шүүгчийг өрөөндөө дууджээ. Шүүгч очихгүй болохоор өөрөө шүүхэд хүрээд ирж. Ирэхэд нь Тахар оруулаагүй гэнэ. Ерөнхий шүүгч ч Засаг даргатай уулзахгүй гэдгээ ч Тахарт дуулгаж. Тэгтэл Тахарын дэргэд утсаар "Энэ тахарыг татан буулгана гэсэн яасан бэ. Миний ажлыг хийлгэхгүй байна” гэж уурссан тохиолдол гарсан. Шүүгчтэй холбоо тогтоох, нөлөөлөх гэсэн нөхдүүд ийм байдлаар "Саарал ордон” руу утсаар ярьсаар байгаад Тахарыг татан буулгаснаар шүүхийн хаалга эзэнгүй болсон. Тахарыг цагдаад нэгтгэж, унаа тэргийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх рүү шилжүүлж тарааснаар шүүх хуралдаан хэвийн явуулах боломжгүй байгааг шүүхийнхэн учирладаг. Энэ ухралтыг удахгүй засна гэж найдаж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлсэн.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ онд 190 хэрэг хүлээн авснаас 165-ыг нь шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 151 хэрэг хүлээн авч 142-ыг нь шийдвэрлэсэн байна. Одоогоор зургаан хэрэг ажиллагаанд байгаа бөгөөд гурван гомдлоос татгалзжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван шүүгчтэй ажиллаж байгаа. Одоогоор 283 хүнд холбогдох 207 хэргийг хүлээн авч 175-ыг эцэслэн шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх 1864 нэхэмжлэл хүлээн авч 1381-ийг нь шийдвэрлэсэн байна.

Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх цөөн шүүгчтэй, ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад ярьсан юм. Тус шүүхэд томилолтоор шүүгч ажиллуулах арга хэмжээ авна гэдгээ Н.Лүндэндорж дарга хэлсэн.

Эвлэрүүлэн зуучлагч 632 өргөдөл хүлээн авснаас 147 нь амжилттай эвлэрсэн байна. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авснаараа улсын хэмжээнд хоёрдугаарт, шийдвэрлэлтээрээ дөрөвдүгээрт ордог байна. Шүүхийн ачааллыг 34 хувиар бууруулсан гэдэг үзүүлэлт гарчээ. Ийм амжилттай ажиллаж байгаа нөхцөлд нэмж эвлэрүүлэн зуучлагч ажиллуулах боломжтой гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд цөөнгүй шүүгч гадаад, дотоодын сургалтад хамрагдаж мэргэшсэн. Ирэх жилүүдэд ч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулахад илүүтэй анхаарна гэдгээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэллээ.

Шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар шүүхтэй танилцлаа. Ингэхдээ шүүх хуралдааныг шууд дамжуулах дэлгэц нэмэгдүүлэхийг захьсан юм.

Б.Цэцэгдэлгэр

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top