БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээний хасагдах шатны эхний тоглолтууд өчигдөр болж манай улсын шигшээ баг сагсан бөмбөг өндөр хөгжсөн Австрали улсын шигшээг 19:12 харьцаатай буулган авч дэлхийн аваргын шилдэг дөрөвт шалгарч үлдлээ. Австралийн шигшээ багийн хувьд А хэсгээр 3-р байраар шалгарч гарч ирсэн бол Монгол улсын шигшээ баг Б хэсэгт 3 хожиж 1 хожигдож 2-р байраар шалгарсан юм.
Ингээд эхний оноог А.Гансүх авч тоглолтыг эхлүүлсэн бол Австралийн шигшээ баг төд удалгүй оноог тэнцүүлж тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн юм. Улмаар манай баг тамирчдын будагтай талбайд хийх түлхүү тоглолт, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын алсын зайн шидэлт байндаа тусаж байснаар тоглолт 19:12-оор манай залуучуудын хожил доор өндөрлөсөн.
Тус тоглолтын шилдэг тоглогчоор А.Гансүх нэрлэгдэж 8 оноо авсан байна.
Ийнхүү дэлхийн зэрэглэлийн тэмцээнд шилдэг 4-т шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын хамгийн өндөр амжилт болон тэмдэглэгдэж үлдлээ. Мөн сагсан бөмбөг өндөр хөгжсөн Австралийн багийг хожсон нь анх удаа болон түүхэнд бичигдэж байна. Ингэснээр манай баг өнөөдөр буюу Пүрэв гарагийн 17:10 минутаас хагас шигшээгийн тоглолт А хэсгийн тэргүүн баг Ливаны шигшээ багтай хийнэ. Ливаны шигшээ багийн хувьд шөвгийн наймд Тайландын шигшээ багийг буулган авсан юм.
Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 тэмцээнд явсан манай улсын баг тамирчид:
Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал)
Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга.
Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС)
А. Гансүх (Мон-Алтиус БТДС)
Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС)
Г. Чинбат (Мон-Алтиус БТДС)
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )