Н.Воровьёвагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх оролцоно

2016 оны 11 сарын 25

Энэ сарын 27-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотын “Байкал-Арена” спортын цогцолборт олимпийн, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн хошой аварга Н.Воровьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн болно.

Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран гурав дахь удаа зохиож байгаа тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын 100 гаруй өсвөрийн бөх мэдүүлгээ өгчээ. 

Олимпийн аварга Наталья Воробьева нь тус тэмцээнд тус мужийн Ангарск хотын уугуул, олимпийн “Рио-2016” наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 75 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн багийн анд Екатерина Букинаг Хүндэт зочноор урьсан байна.

Тус тэмцээнд манай улсаас Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч П.Чулуунбаатарын удирдсан 7 бөх, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдсан 5 бөх, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Энхбатын удирдсан 6 бөх нийт 18 өсвөрийн бөх барилдахаар явжээ. 

Өнгөрсөнг жилийн тэмцээнээс манай охидууд 3 алт, 5 мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top