Завхан аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй, зарим сумдад зам хаагдах хэмжээнд хүрээд байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх асуудал нэн чухал байгаа. Тэгвэл аймгийн удирдлагуудын зүгээс түргэн тусламжийн машинуудыг яаралтай шинэчлэх хүсэлтийг шат шатны байгууллагуудад уламжилсны үр дүнд хэд хэдэн суманд дуудлагын машин олгохоор болсон байна.
Эхний ээлжинд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Их-Уул, Баянхайрхан, Эрдэнэхайрхан сумдад түргэн тусламжийн машин олгох тухай Засгийн газрын тогтоол гарч Улсын нөөцөөс хөрөнгийг нь санхүүжүүлжээ. Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв машинаа хүлээж аваад байгаа бол Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын пургон автомашины түлхүүрийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан жолооч М.Эрдэнэбатад гардуулан өглөө.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг алсын дуудлагын 5, ойрын дуудлагын 4 автомашинтай. Алсын дуудлагын 2 дахь машин нь ийнхүү шинэчлэгдээд байгаа бол үлдсэн 3 машин нь зогсолтын байдалтай байгааг хэлж байна. Мөн ойрын дуудлагын 2 машин нь ашиглах боломжгүй байгаа юм.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын техник хэрэгсэлийн шинэчлэлийн асуудал нэлээд чухал байгаа хэдий ч цаашид зөвхөн төр засгаас тусламж хараад суугаад байхгүй ОУБ, төсөл хөтөлбөрүүдэд хандана гэдгээ энэ үеэр ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн хэлж байлаа.
Цаашид ч сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга энэ үеэр онцоллоо.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )