XX зууны Монгол Улсын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаа Улиастай хотод боллоо.
Таван настайдаа Дилов хутагтын тавдугаар дүрээр тодорсон Жамсранжав шашны томоохон зүтгэлтэн байгаад зогсоогүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө харь нутагт бие сэтгэлээ зориулсан түүхэн гавьяатай хүн юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэснээс гадна Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Хэдийгээр хилс хэрэгт гүтгэгдэж эх орондоо ирэх эрхгүй байсаар харийн нутагт таалал төгссөн ч хойч үеийнхэндээ үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, бахархан дуурайх тод жишээ болсон Дилов хутагтын чандар буюу адистид их шүтээнийг Монголчууд бид эх орондоо, тэр дундаа төрсөн нутагт нь авчрах үүрэгтэй. Ийнхүү хутагтын шавийн төрсөн хүүхэд Гяамчо Пальжид хадгалагдаж, хамгаалж байсан их шүтээнийг Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буянт Жавхлант хийд”-д сэмбэрэмтэй угтан залж, сүсэгтэн олон адис авч хүндэтгэл үзүүллээ.
Ард иргэд хүндэтгэл үзүүлсний дараа их шүтээнийг Завхан аймгийн алдартны музейн Хутагтын танхимын төв гүнгэрваад хүндэтгэлтэйгээр заллаа. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачлагаар шинэчлэн зассан Хутагтын танхимын нээлтийн үйл ажиллагаа болсон байна. Ийнхүү эхний ээлжинд Дилов хутагтын адистид их шүтээн, утлага, хэрэглэж байсан арц хүж, зулын гол зэрэг тахилын зүйлүүд болон өөрийнх нь дуу хоолойгоор айлдсан номын хуурцгийг авчирч, Завхан нутгийн сүсэгтэн олонд хамгийн түрүүнд сонсгосон бол цаашид бусад эд зүйлсийг эх нутагт нь авчирч музей байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Завхан аймгийн бурхан шашны тэргүүн, Жалханз хутагт Данзанчойживанчүг мөн өөрийн биеэр морилон саатжээ.
Монголын шашин, төрд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Дилов хутагт Жамсранжавыг 1990 онд цагаатгасан байна. Түүний адистид их шүтээнийг эх оронд нь залах ажлыг УИХ-ын дэд дарга Ж.Санжмятав санаачилж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд н.Алтангэрэл, хутагтын шавийн төрсөн хүүхэд Гяамчо Пальжи зэрэг олон хүний хүч хөдөлмөрөөр зохион байгуулсан байна. АНУ болон Монголын улсын Завхан аймгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төлөлөгчдийг энэ үеэр аймгийн “Хүндэт тэмдэг” болон “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнасан байна.
Б.Оюун-Эрдэнэ /Завхан аймаг/
Сэтгэгдэл ( 4 )
МИНИЙ МОНГОЛЧУУД АА, БИД ОЛОН ЖИЛ ХЭРЭЛДЛЭЭ.ОДОО ХОЙШОО БИШ УРАГШАА ХАРЖ АМЬДАРЦГААЯ
МАН_н алуурчид мөнч олон сайхан аавын алж шудсандаа монголчууд хойч үедээ үүныг сайн сануулж МАН г түүхын хуудаснаас арчаасай
Мэдээж, тэр үеийн МАХН, одоогийн МАН
Hils heregt hen gutgesen yum be.hilsduulsen ezen ni hen be