Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах долоо дахь тэмцээн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болжээ. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорисон байна. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог бөгөөд Монголоос эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцсон ажээ. Тэдний хувьд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна.
Монголын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 Алт, 2 Мөнгө, 3 Хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. Тодруулбал, ДАШТ-ий алтан медалийг Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн /Эм, атлетик-бие бялдар ангилал/, А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/ нар хүртсэн бол Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/, Түвшинбаяр /Эр, модел ангилал/ нар мөнгөн медаль хүртсэн юм. Харин Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/, Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/, Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/, Дуламрагчаа /Эр, мастер ангилал/ нар хүрэл медаль хүртсэн байна.
2016 оны ДАШТ-ийг амжилт дүүрэн үдсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах юм байна.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )