Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 1984 онд ашиглалтад орсон, эрүүл ахуйн болон бусад стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улиастай хотод олон улсын жишигт нийцсэн шинэ байр барьж ашиглалтад оруулсан байна.
Нэг цэгийн үйлчилгээ бүхий шинэ цагдан хорих болон офиссын байр 13:30 метрийн харьцаатай, нийтдээ 1440 м.кв талбайтай, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга юм. Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шинэ байртай болсоноор албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаагаас гадна цагдан хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа ажээ.
Одоогоор тус алба 35 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Хуучин байр нь 19 хорих өрөөтэй байсан бол шинэ байр 80-аад хоригдогч хүлээн авах хүчин чадалтай, 1 өрөөнд 1-4 хүн байрлахаар 21 өрөөтэй бөгөөд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангажээ. Хуулиараа нэг цагдан хоригдогчид ногдох талбай 2.5 м.кв-аас дээш байх ёстой. Шинэ барилга энэ шаардлагыг бүрэн хангасан бөгөөд нэг хүнд 4 м.кв орчим талбай ногдох юм.
Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Баян-Өлгий, Өмнөговь аймгууд болон Завхан аймгийн Тосонцэнгэл суманд шинэ барилга барихаар төлөвлөж байгаа юм байна.
Б.Оюун-Эрдэнэ /Завхан/
Сэтгэгдэл ( 0 )