Орхон аймаг энэ жилийн шинэ жилийн баяраар мөсөн хотхон байгуулахгүй, дараа дараагийн жилд ашиглагдах боломжтой байдлыг харгалзан үзэж барималаар хотхон байгуулахаар болжээ.
Энэ жилийн хувьд Орхон аймгийн төв талбайн чимэглэл, баярын уур амьсгал бүрдүүлсэн хотхон байгуулах ажлыг аймгийн зураачдын холбоо хариуцан хийж байгаа бөгөөд өмнөх жил энэ ажлыг Баян-Өндөр сумын багууд хариуцаж хийдэг байжээ.
Мөсөн хотхон нь хайлах, ахиж ашиглах боломжгүй, аюулгүй байдал хангахгүй зэрэг сөрөг нөлөөтэй байдаг учраас барималан хэлбэрээр хийх нь оновчтой хэмээн үзжээ. Жил бүр шинэ жилтэй холбоо бүхий барималууд бүтээснээр 2-3 жилийн дараа хуримтлал үүсэж, дараа дараагийн жилүүдэд ашиглах боломжтойн дээр тодорхой хэмжээнд төсөв мөнгө хэмнэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж Орхон аймгийн Ерөнхий зураач Д.Батбилэг ярилаа. Өнөөдрөөс барималын ажил эхлэх юм байна.
Үүнээс гадна шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын баталсан төлөвлөгөөний дагуу 15 ажил хийгдэхээр бэлтгэл ажил хангагджээ. Тухайлбал, Амарын талбайн нэмэлт гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэгийг лед гэрлийн “Анд энерги” компани хариуцсан бол, үдшийн цэнгүүн арга хэмжээний цахилгаан хангамжийг “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, гэрэлтүүлэгийн асалтыг “Эрдэнэт ус” компанид тус тус хариуцуулсан байна.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )