ЗАВХАН: Захиргааны ерөнхий хуулийн талаар сургалт зохион байгууллаа

2016 оны 12 сарын 22

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Өрнөх хөгжил” ТББ-ын дэмжлэгтэйгээр Захиргааны ерөнхий хуулийн онцлог, ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд Үндэсний Аудитын газрын харьяа Завхан аймаг дахь Аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан хаагчид оролцлоо.

Өнөөдрийн байдлаар захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 230 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилдэг байна. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хууль байдаггүй байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлснээр дээрхи асуудлыг зохицуулж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулж чаджээ. Мөн энэ хуулиар төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулж өгсөн байна. Ингэснээр төр, иргэн хоёрын хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрджээ. Түүнчлэн Үндсэн хуульд заасан хүний эрхийг дээдлэх, хуульд үндэслэх зэрэг ардчиллын зарчмууд нь ихэнхдээ төр, иргэн хоёрын хоорондын харилцаанд зөрчигддөг байсан бол Захиргааны ерөнхий хууль гарснаар Үндсэн хуулийн зарчмууд бодит амьдрал дээр хэрэгжих боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө давуу талтай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top