Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээний шувтаргын тоглолт эхэллээ

2017 оны 01 сарын 07

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2017.01.07/ Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр нийт оролцогчдод Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг уламжлаад “Монгол Улсын Их Хурлаас уламжлал ёсоор Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр шувтаргын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл сум, дүүргийн хэмжээнд 6000 орчим, аймаг, нийслэлийн хэмжээнд 1000 гаруй шатар сонирхогчид оролцсон. Шатар бол хүний оюун ухааныг тэлж, тэсвэр тэвчээрийг шалгадаг, аливаа асуудалд өргөн хүрээнд нухацтай ханддаг болгодог, хүмүүсийг хооронд нь нөхөрлүүлдэг спорт. Монголчууд олон зуун жилийн тэртээгээс шатрыг тоглож ирсэн. Мөн монгол шатрын арга ухааныг бий болгож, түүнийгээ дэлхий нийтэд гайхуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Миний бие 2015 онд Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн сонгогдсон Төв аймгийн 27 суманд шатрын спортын клуб байгуулсан. Оны өмнөхөн ОХУ-ын Сочи хотноо болсон Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг би үдэн мордуулж байсан юм. Тэр хүүхэд багачууд дундаас 7 настай бяцхан тамирчин Н.Содбилэгт Дэлхийн аварга болж, Сочид Монголынхоо нэрийг дуудуулан, төрийнхөө далбааг мандуулсан сайхан үйл явдал болсон билээ.  

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож, аваргын төлөө өрсөлдөх гэж буй тамирчид, улс төрийн зүтгэлтнүүд та бүхэндээ өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе” гэв.

Тэмцээний хамрах хүрээ аль хэдийнэ хилийн дээс давж, БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас шалгарсан шилдэг тоглогчид өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Энэхүү тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцож байгаагаас 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, нийт найман өрөг тоглон, аваргууд тодорно.

Энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай эрэгтэй оролцогч нь 77 настай Д.Найдан, эмэгтэй оролцогч 64 настай Г.Цэгмид нар юм.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар Улсын Их Хурлын даргад дурсгалын шатар гардуулав.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд эхний нүүдлийг Үндэсний статистикийн хорооны тамирчин Г.Оюунбаяртай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top