“Формула 1” ангиллын ДАШТ-ий хяналтын багц АНУ-ын “Liberty Media” хэмээх компанийн гарт ороод байгаа билээ. Тэдэнд хувьцаагаа зарсан хуучин эзэн Берни Экклстоун “Тэд мөнгө олохын тулд л наашаа орж ирсэн” гэсэн нь спорт сонирхогчдын урмыг хугалсан. Тэгвэл эрт сэтгэлээр унах хэрэггүй нь. “Формула 1”-ийн шинэ захирал Чейз Кэри тун удахгүй уралдааныг дахин олны анхааралд аваачих дараахи шинэчлэлүүдийг хийхээр бэлтгэж байгаа аж.
Дүрэм зөөлөрнө
Орчин үеийн “Формула 1” маш уйтгартай болсон. ФИА-гаас тавьдаг норм стандарт хэтэрхий ихээс гадна багуудад оноож байгаа торгууль шийтгэл үзэгчдэд ойлгомжүй байдаг. Аюулгүйн бүс гэж цагаан шугам татчихаад давсных нь төлөө торгодог. Тйимээс иймэрхүү элдэв хязгаарлалтыг үгүй болгоод зүгээр л “галзуу“ уралдаан зохион байгуулбал “Формула 1” хавьгүй сонирхолтой болно гэж багийн эзэд үзэж байна. “Нисгэгчдэд урдаа байгаа машиныг гүйцэхээс өөр юм бодох ёсгүй. Урд байгаа нисгэгч нь тэдэнд ийм боломж олгохгүйн тулд бүхнийг хийх ёстой. Ингэж байж л алдсан үзэгчдээ эргүүлж авч чадна” гэж “Рено” багийн эзэн Флавио Бриаторе өгүүлжээ. Түүний хэлсэнд үнэний хувь байгаа нь дамжиггүй.
Интернэт дэх орон зайгаа тэлнэ
Хүмүүс телевиз үзэж, сронин унших нь багасч байгаа энэ үед интернэт хамгийн том зах зээл болж хувирч байна. Гэтэл “Формула 1” интэрнэтээс мөнгө босгох тал дээр маш хйорго хандсаар ирсэн. “Liberty Media” энэ тал дээр туршлагатай учраас ахиц дэвшил гарна гэж найдаж байна. Ажил хэрэг болгох боломжтой санаачилгуудын дотор шууд дамжуулалтыг англиас гадна өөр олон хэл дээр цацах гэх мэт сонирхолтой зүйлс байна.
“Классик” замууд эргэн ирнэ
Зохион байгуулах эрхийн төлбөр хэтэрхий өндрөөс болж Гран пригийн тоо, болох газарт жил бүр өөрчлөлт гардаг. Тэгвэл “Liberty Media” энэ байдлыг өөрчилж, эрхийн төлбөр биш, телевизийн шууд дамжуулалтын эрхийг орлогын гол үүсвэр болгохыг эрмэлзэж ажиллах гэнэ. Ингэснээр үзэгчдийн сайн танил “классик” тойруулгууд “Формула 1”-т эргэн нэгдэх боломж нээгдэнэ.
Багуудын тогтвортой байдлыг дэмжинэ
“Формула 1”-ийн багууд жил бүр л солигдож байдаг. Мөнгөө үрж ядсан нэг нөхөр баг бүрдүүлж ороод л дараа жилээс нь болчихдог байдал түгээмэл. Тэгвэл “Liberty Media” энэ байдлыг өөрчлөхийн тулд багуудад “Формула 1”-ийн хувьцааг хувьцааг багуудад худалдах санаа “Liberty Media”-д яригдаж байгаа аж. Гэхдээ хэрвээ топ багууд хувьцаа эзэмшчихвэл өөрсдөдөө давуу тал үүсгэж, энэ спортыг улам ч “булшилна” гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм.
Ашгаа тэгш хуваана
Өмнө нь “Формула 1”-ийн олсон ашгийн ихэнх нь том багууд руу урсдаг байв. Берни Экклстоун 2013 онд гаргасан журамдаа “Түүхэн гавьяаны төлөө” (олон жил хамтарсан) нэрийн дор цөөн хэдэн багт амжилтаас үл хамааран их хэмжээний урамшуулал олгох зохицуулалт оруулж байв. Тодруулбал, “Феррари” бүтэн улирлыг нэг ч оноогүй өндөрлүүлж, “Форс Индия” Зохион бүтээгчдийн цом хүртсэн байлаа ч Италийн баг хавьгүй өндөр шагнал авах журам үйлчилж байсан. Тэгвэл “Liberty Media” багийн эзэд, ФИА-тай гурвалсан гэрээ хийх замаар энэ байдлыг өөрчилж, багуудад урамшууллыг ижил тэгш өгөх зарчим барихаар төлөвлөж байна. Ингэснээр жижиг багууд өсч томрох, улмаар өрсөлдөөн сайжрах боломжийг нээнэ гэж тооцжээ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 0 )