Шилдгүүд хэзээд шилдэг л байдаг

2017 оны 01 сарын 09

Монголын топ дөрвөн спортын төрлийн нэг болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд 300 орчим тамирчин өрсөлдөв. Уг тэмцээний финалд шалгарсан тамирчдыг шигшээ багт багтаах болзолтой гэдгээрээ онцлогтой. Ингээд жин тус бүрийн барилдааныг тоймлон хүргэе. 57 кг-ын жинд аваргын төлөө гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь С.Батболд, Б.Баттулгын шавь З.Занабазар нар барилдах нь бараг тодорхой байсан. Таамаглал ч биеллээ олсон бөгөөд шигшээ барилдаанд С.Батболд өрсөлдөгчөө илүүрхэж 6:2-оор хожсоноор улсын аваргад дараалан түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн жил анх удаа уг тэмцээнд түрүүлж байв. Тэгвэл 61 кг-д оюутны дэлхийн аваргаТ.Түвшинтулга Азийн өсвөрийн аварга “Арслан”-гийн залуу мастер Т.Тулгад дийлдсэн нь улсын аваргын хамгийн том шуугиан байсан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Т.Тулга шигшээ барилдаанд дэлхийн аваргын медальт Э.Ням-Очирт хожигдлоо. 65 кг-ын жинд Н.Лхамгармаа үнэхээр “танк”шиг байсан. Энэ жингийн лидер Г.Мандахнаран гавьяат жин өгссөн учраас Н.Лхамгармаад боломж гарч ирсэн. Тэр ч боломжоо алдалгүй шигшээд дэвжээ нэгт Б.Батмагнайг хожсоноор анх удаа улсын аварга боллоо. Аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэгдэж байсан Б.Номин хүрэл медалийн болзол хангасан байна. Гэвч О.Үйтүмэн түүнд боломж олголгүй аваргаа хамгааллаа. Тэгвэл 70 кг-д барилдсан Г.Мандахнаран гавьяат хамгийн үзүүштэй барилдааныг гаргасаар түрүүлсэн. Тэр дунд жинд Монголдоо №1 гэдгээ дахин харуулав. 74 кг-ын жинд Д.Гомбодорж улсын аваргадаа долоо дахиа түрүүллээ. Түүнтэй Б.Анхбаяр финалдсан. Анхаагийн хувьд 2015 оны ДАШТ-ий үеэр бэртэл авч хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрсөн. Улмаар энэ жил улсын аваргад жин өгсөн 74 кг-д зодоглож финалдсан ч жингийнхээ шилдэг бөх Д.Гомбодоржийг дийлсэнгүй. Энэ жинд ДАШТ-д оролцож мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат дээд жиндээ барилдаж О.Үйтүмэнтэй аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тэгвэл 97 кг-ын жингийн манлай бөх Д.Хүдэрбулгын эзгүйд А.Батзул түрүүлжээ. Түүний хувьд 125 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил жин хассанаар анх удаа улсын аварга болов. Хамгийн хүнд жинд Ж.Чулуунбат өнжихөд түүнд олон жил “дарлуулсан” Н.Золбоо түвэггүй түрүүлээ. Энэ бол эрэгтэйчүүдийн барилдааны үр дүн.

Харин эмэгтэйчүүдийн барилдааны 48 кг-ын жинд Э.Нарангэрэл гурав дахиа түрүүлэв. Энэ жингийн босоо бөх Ц.Энхжаргал гавьяат 20 гаруйхан насны залуучуудтай эн тэнцүү барилдаж хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Үрийн зулай үнэрлэж их спортоо түр завсарласан тэрбээр улсын аваргаас 15 дахь медалиа зүүсэн нь энэ. Сонирхуулахад, тэрбээр улсын аваргад 12 түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Харин энэ жил анх удаа хүрэл медаль авчээ. Түүнчлэн энэ жингийн ирээдүй гэгдэж байсан, Д.Дагвадорж аваргын ивээлд багтсан Ц.Намуунцэцэг улсын аваргадаа оролцсонгүй. Тэгвэл 53 кг-ын жингийн гол өрсөлдөөн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг, мөнгөн медальт Э.Сумъяа нарын хооронд болсон. Шинэ оны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгонцэцэг гол өрсөлдөгчөө 9:7-гоор хожсоноор түрүүлэх замаа засч, улмаар долоо дахь удаагаа улсын аварга болов. 55 кг-д залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг бэлтгэл сайн байгаагаа харуулж торолгүй түрүүлсэн бол 60 кг-ын жинд Б.Шоовдор №1 гэдгээ дахин баталлаа. 58 кг-ын жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд “тасархай” түрүүлэв. Дэлхийд хоёр ч удаа финалдсан Чимэдээ гавьяат улсын аваргадаа анх удаа түрүүлж байгаа нь энэ. Түүний хувьд олимпийн жинд одоо л дасан зохицож байна даа. Тэгвэл 63 кг-ын жингийн барилдааны финал спорт сонирхогчдын анхаарлыг татсан. С.Батцэцэг энэ жиндээ босоо. Харин П.Орхон энэ жингийн “шинэ цэрэг”. Гэхдээ олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичог сөхрүүлж чадсан хүчтэн. Барилдааны эхнээс П.Орхон өрсөлдөгчөө илүүрхэж оноогоор цэвэр яллаа. Харин дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн ялагдалд бэртэл нөлөөлсөн үү, эсвэл тэр бэлтгэл муу байсан уу. Ямартай ч П.Орхоны эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй.Харин 69 кг-д О.Насанбурмаагийн эзгүйд Ш.Түмэнцэцэгийг зогсоох хүчтэн гарсангүй. 75 кг-д ч мөн Б.Одончимэг бусад өрсөлдөгчөө илт давуу хожсоноор улсын аваргад 11 дэх удаагаа түрүүлэв.

Б.Мөнхзул


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top