К.Роналду үргэлж л охид бүсгүйчүүдээр хүрээлүүлж байдгийг бүгд мэднэ. Гэвч найз бүсгүй гэдэг албан ёсны гуншинг ганц Ирина Шейк л зүүж байсан юм. Тэгвэл найз бүсгүйн байр суурийг залгамжлах дараагийн хүний нэр тодорчээ.
Жоржина Родригес гэгч энэ бүсгүй үнэндээ өнгөрсөн сарын эхээр л К.Роналдутай болзож эхэлсэн юм. Тэд эхлээд Мадрид дахь “Gucci” салоноор хамтдаа үйлчлүүлсэн бол дараа нь “Реал”-“Депортиво”-гийн тоглолтыг хамтдаа үзсэн. К.Ронадлду энэ тоглолтод оролцоогүй юм. Дараа нь “Реал”-“Борусси”-гийн тоглолт дээр ч энэ бүсгүй ирчихсэн байсныг зураглаачид онцлон харуулж байлаа. Гэсэн ч хэн ч түүнийг хөлбөмбөгчний найз бүсгүй гэж нэрлэж төвдөхгүй байсан юм. Харин 2016 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаан дээр тэрээр К.Роналду болон хүүтэй нь хамт хүрэлцэн ирж, яг нэгэн гэр бүл шиг байсан нь ийнхүү найз бүсгүйн зэрэгт аваачсан байна.
Тэд “D&G”-ийн загварын шоун дээр анх танилцсан гэнэ. Модель мэргэжилтэй энэ бүсгүй хөлбөмбөгчтэй танилцсанаасаа хойш маш хурдан дотносч, хэвлэлүүдийн онцолж байгаагаар “жирийн биш” харилцаа үүсгээд байгаа юм.
Жоржина Родригес нь энэ жил 22 настай, испани бүсгүй. Тэрээр Уэкс мужийн Хака хэмээх хотод төрж өсчээ. Одоо Мадридад амьдардаг. Загвар өмсөгч. Хэдий түүний араас хөөцөлдсөн том, брэнд, агентлаг байхгүй ч нэгэнт Роналдутай холбогдсон болохоор карьер нь удахгүй хаданд гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй аж. Багадаа балетчин болохыг мөрөөдөж, сургуульд нь хэсэг хугацаанд сурч байсан гэнэ. Гэвч дундаас нь хаяж, загвар өмсөгч болоод явж байгаа ийм нэгэн бүсгүй К.Роналдутай хайр сэтгэлийн романс үүсгэжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )