Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болов

2017 оны 01 сарын 14

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр, өдгөөгөөс 25 жилийн тэртээ, идэр есийн хүйтэн жавар тачигнасан, ирээдүйгээ тодорхойлох шинэ сонголтын босгон дээр ирсэн түүхэн цаг үеэр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авч байлаа. Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс бол ардчилсан улс болохыг, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Үндсэн хуулиараа тунхагласан, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулахыг баярын энэ өдөр уриалж байна. Монгол Улсын минь сүлд хийморь ямагт мандан бадарч, төр түвшин, түмэн олон амгалан жаргах болтугай  хэмээлээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ш.Уламбаяр, А.Цацавшир, Т.Баасанхүү, Э.Энхбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны хоёрдугаар давааны дараа Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга М.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан АИХ-ын депутат 77 настай Д.Найдан нарт өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top