Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдийн хуралдаанаар холбооны зөвлөлүүдийг байгуулж, ДАШТ, тивийн болон олимпийн наадамд тамирчин сонгон шалгаруулах журмыг баталлаа.
МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөл, байгуулав.
МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд мэргэжлийн зөвлөлийг татан буулгаж, сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөлийг байгууллаа. Энэхүү зөвлөл нь чөлөөт бөхийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийг онол, аргазүйд үндэслэн насны ангилал тус бүрээр төлөвлөж, багш дасгалжуулагчид, шүүгчдийн сургалт семинар, магадлан итгэмжлэлийг зохион явуулах, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг хийх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.
Зөвлөлийн даргаар чөлөөт бөхийн ОУХМ, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Ло.Энхбаяр, гишүүдээр МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, МУ-ын гавьяат тамирчин, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Б.Болд, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат дасгалжуулагч Л.Ням, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар томилогдлоо.
МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталлаа.
МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталж зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо. ОУШүүгч Ц.Сэрээтэрийг шүүгчдийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ОУ-ын шүүгч Ц.Цэрэнхүүг томиллоо. Мөн зөвлөлийн гишүүдээр ОУ-ын шүүгч Ц.Сэрээтэр, ОУ-ын шүүгч Х.Ганболд, ОУ-ын шүүгч Л.Болормаа, ОУ-ын шүүгч Ю.Батсайхан, ОУ-ын шүүгч Х.Чойжилжав, ОУ-ын шүүгч Л.Нямчулуун нар томилогдлоо.
Техникийн албыг шинээр байгуулав.
МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд техникийн алба шинээр байгууллаа. Тэмцээний зохион байгуулалт, холбооноос зохион байгуулах арга хэмжээний үеэр ажиллах уг албаны даргаар Х.Ганболдыг томиллоо. Х.Ганболд нь чөлөөт бөхийн ОУХМ, олон улсын шүүгч бөгөөд холбооны техникийн менежерээр ажиллаж байсан юм.
МЧБХ-ны ДАШТ, тивийн болон олимпийн наадамд тамирчин сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн батлав.
Жил бүрийн ДАШТ, тивийн болон олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах журмыг баталлаа. Монгол улсын АШТ-ий нэр хүнд, ач холбогдол, үнэлэмжийг дээшлүүлэх, тамирчдын шударга өрсөлдөөнийг хангах, байнгын бэлтгэлжилттэй тамирчдыг бэлтгэх, ДАШТ-нд оролцох баг тамирчдыг тодруулах зорилготой уг журам хэрэгжсэнээр тамирчид УАШТ, олон улсын Гран-при болон А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа оноо авч, улмаар хамгийн өндөр оноотой 5 тамирчин ДАШТ эхлэхээс 60 хоногийн өмнө сонгон шалгаруулах тэмцээний урьдчилсан тойргын барилдаанд оролцох эрх авна. Урьдчилсан тойргийн барилдаанаас шалгарсан бѳх тухайн жингийн улсын аварга болсон тамирчин хоорондоо халз барилдаж, хэн түрүүлж 2 удаа ялсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрхээ авна. Улсын аварга тамирчин тухайн жингийнхээ тивийн АШТ-д заавал ороцож байж сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд оролцох эрхээ баталгаажуулна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн багш сор хумуусээсээ салаад дампуу болж бг юм бндаа. Харж л байя