Дэлхийн хошой, олимпийн аварга Голам Реда Тахти

2017 оны 01 сарын 15

Ираны алдарт бөх Голам Реза Тахти 1930 оны наймдугаар сарын 27-ны өдөр төржээ.

Дэлхийн хошой, олимпийн болон Азийн спортын наадмын аварга болж байсан юм.

1962 онд газар хөдлөлтөнд өртсөн хүмүүст тусалж байсан, А.Медведийн бэртэлтэй хөл рүү дайралт хийхгүй байсаар ялагдсан зэрэг ариун үйлс, спортын талбарт гаргасан гайхамшигт амжилтаараа Ираны спортын түүхэн дээх хамгийн аугаа тамирчин болон мандаж үндэсний баатар болсон домогт бөх юм.

Ар гэр нь ядуу амьдралтай байсан учир дунд сургуульд есөн жил суралцаад сургуулиас гарч цэрэгт татагдан армид алба хааж байхдаа чөлөөт бөхийн спортод сэтгэл татагджээ. 1950 онд үндэсний аварга шалгуулах тэмцээнд түрүүлж 1951 онд ДАШТ-нээс мөнгөн медаль авсан нь ираны бөхчүүдийн олон улсын тавцангаас авсан анхны медаль болж байжээ.

1952 онд Финланд улсын Хельсинк хотод болсон Зуны олимпийн наадамд нэгдүгээр тойрогт францийн бөх Брухауз, хоёрдугаар тойрогт финландын бөх Лахти, гуравдугаар тойрогт аргентиний бөх Генут нарыг дараалан цэвэр ялж дөрөвдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Гокрег 3:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хагас шигшээ барилдаанд зөвлөлтийн бөх Цимакучирезед 1:2 онооы харьцаагаар хожигдож шувтаргын барилдаанд унгарын бөх Георги Гуриц дэвжээнд гарч ирээгүй учир ялалт авч олимпийн мөнгөн медаль хүртжээ.

1956 онд Австрали улсын Мельбурн хотод болсон Зуны олимпийн наадамд аварга болох зорилготой ирж нэгдүгээр тойрогт ӨАБНУ-ын бөх Терон, хоёрдугаар тойрогт канадын бөх Стекле, гуравдугаар тойрогт японы бөх Охира, дөрөвдүгээр тойрогт австрийн бөх Гооте нарыг дараалан цэвэр ялж хагас шигшээ барилдаанд зөвлөлтийн бөх Борис Кулаевийг 3:0, шувтаргын барилдаанд АНУ-ын бөх Петер Стейли Блэйрийг 3:0 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртжээ. Тйинхүү алдарт бөх Имамали Хабибийн хамт олимпийн алтан медаль хүртсэн ираны анхны тамирчид болон түүхэнд мөнхөрчээ.

1960 онд Итали улсын Ром хотод болсон Зуны олимпийн наадамд нэгдүгээр тойрогт унгарын бөх Виахыг 4:0 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт английн бөх Вук, гуравдугаар тойрогт японы бөх Ковано нарыг дараалан цэвэр ялж хагас шигшээ барилдаанд туркийн бөх Исмет Атлид оноогоор ялагдаж шувтаргын барилдаанд болгарын бөх Мустафовыг оноогоор хожиж мөнгөн медаль дээр буужээ.

1964 онд Япон болсон Зуны олимпийн наадамд оролцож жиндээ дөрөвдүгээр байр эзэлсний дараа зодог тайлжээ

1962 онд Иран улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт Буин-Захра нутагт аймшигт газар хөдлөлт болж 45 мянга хүн амь үрэгдсэн үед тус орны алдартай хүний хувьд Г.Тахти нийслэл Тегеран гудамжаар явж тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг гардан зохион байгуулж байжээ.

1968 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр идэр залуу 38 настай Г.Тахти зочид буудалд амиа хорлосон тухай мэдээлэл тархжээ. Гэвч Пехлевийн харгис дэглэмийг улс төрийн хувьд эсэргүүцэгч, сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн байсан учир САВАКАМ буюу Ираны ннуц цагдаагийн газар түүнийг цааш харуулсан тухай яриа тархаж байжээ.

Түүний өөд болоход нь Тегеран хотоос өмнөд зүгт нутаглуулсан, шүтэн бишрэгчид нь жил бүр хүндэтгэл үзүүлдэг байна. Жил бүр Г.Тахтийн цомын төлөө олон улсын тэмцээн болдог.

Зуны олимпийн наадам

1952 он. Финланд, Хельсинки хот             79 кг, мөнгө

1956 он. Австрали, Мельбурн хот              87 кг, алт

1960 он. Итали, Ром хот                               87 кг, мөнгө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

1951 он. Финланд, Хельсинк хот                79 кг, мөнгө

1959 он. Иран, Тегеран хот                          87 кг, алт

1961 он. Япон, Йокогама хот                      87 кг, алт

1962 он. АНУ, Толидо хот                           97 кг, мөнгө

Азийн спортын наадам

1958 он. Япон, Токио хот                            87 кг, алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top