ОРХОН: Вирусын шинжилгээ хийх зориулалтын аппараттай боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

БОЭТ  “Рийл Тайм Пи Си Ар” загварын вирусын шинжилгээ хийх зориулалттай шинэ аппараттай боллоо. Үүнийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй энэхүү аппарат Монгол Улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт буюу бүсчилсэн хэлбэрээр олгогдож байна. 

“Рийл Тайм Пи Си Ар” аппарат нь томуугийн вирусээс гадна элэгний B, С вирус гээд маш олон төрлийн вирусын шинжилгээг хийх хүчин чадалтай. Мөн ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад олон төрлийн оношлуур ашиглан ажиллуулах бүрэн боломжтой. Энэ үеэр Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Энэ аппаратыг ашиглаж илрүүлсэн вирусуудыг манай төвд төвлөрүүлнэ. Ингэснээр Токиод байрлах ДЭМБ-ын төв рүү илгээнэ. Энэ нь томуугийн вирусыг хянадаг дэлхийн зургаан лабораторийн нэг юм. Өөрөөр хэлбэл бид томуутай тэмцэх дэлхийн сүлжээнд нэгдэж байна гэсэн үг” гэлээ. 
 
Харин аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэлсэн үгэндээ “2010 онд ДЭМБ-ын дэмжлэгээр манай БОЭТ Вируслогийн лабораторитой болсон. Энэ хугацаанд 1500 орчим хүнд шинжилгээ хийж 190 нэр төрлийн вирус илрүүлсэн байна. Өнөөдөр үүний дараагийн загварыг хүлээж авч байгаа нь маш том дэвшил боллоо” хэмээн онцоллоо. 
О.Анир
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top