2017 оны нэгдүгээр сарын 21-22- өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Нерюнгри хотод якутын нэрт дасгалжуулагч, бөх А.Запорожскийн Алс Дорнодын хүүхдийн чөлөөт бөхийн Ү тэмцээн болж өнгөрлөө.
Хабаровскийн хязгаарын Биеийн тамир, спортын яамнаас зохион байгуулсан тус тэмцээнд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Ё.Батдархан, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ж.Баярхүү нарын удирдлага дор Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын 18 бөх зодогложээ.
Тус тэмцээнд Алтайн хязгаар, Нерюнгри хот, Олимпийн нөццийн сургуулийн болон Монголын 140 бөх өрсөлджээ. Медальт байранд шалгарсан бөхчүүдийг өнгөт зурагт, хөгжмийн төв, жимс холигч, нүдний шил, жижиг компьютер, мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Тэмцээний төгсгөлд якутын үндэсний “хапсагай” бөхийн тэмцээн болж манай бөхчүүд барилдсан ч медальд хүрээгүй байна.
Манай бөхчүүд өсвөрийн болон залуучуудын ангиллаас нийтдээ 14 медаль түүний дотор 5 алтан медаль хүртсэнээс хөвгүүдийн 63 кг-ын жинд Амгаланбаатарын Цэрэн-очир алт, 46 кг-ын жинд Ганбаатарын Энхням мөнгө, охидын 65 кг-ын жинд Базарын Нарангоо алт, 47 кг-ын жинд Дашийн Номин хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )