Эрдэнэт хотын Дэнж багт байрлах ХХ цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Монгол, Япон Улсын Засгийн газрын концессын хөрөнгө оруулалтаар 824 сая төгрөг зарцуулсан уг барилгын ажлыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК гүйцэтгэсэн байна. Тус багт сургуулийн өмнөх насны 600 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тэд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах. XX цэцэрлэг нь нэгдүгээр байрандаа 247 хүүхэд хүлээн авдаг байсан бол өргөтгөлийн байрандаа 4 бүлэгт 2-5 насны 112 хүүхэд бүртгээд байна. Үүн дээр нэмж 40 хүүхэд авах боломжтой боллоо. Улмаар 16 ажлын байр шинээр бий боллоо гэж XX цэцэрлэгийн эрхлэгч Р.Алтантуяа хэллээ.
Гал тогоо, угаалгын болон эмчийн өрөө гээд бие даасан цэцэрлэг болгох боломжтой барилгад шаардлагатай хивс дрож авахад Засаг даргын нөөц сангаас 10 орчим сая төгрөг зарцуулжээ.
Ийнхүү шинээр хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлж буй XX цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. БСШУС-ын сайд хэлэхдээ “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт СӨБ-ын насны хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах асуудал тусгагдсан. Өнөөдөр нээлтээ хийж буй өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн удирдлагуудад талархаж байна. Энэ цэцэрлэгт хэрэгтэй тоног төхөөрөмжийн зардлыг 2017 оны төсөвт суулган шийдвэрлэж өгнө” гэлээ. XX цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад ороход тус яамнаас Гал тогоо, ширээ сандал нийлүүлсэн бөгөөд бусад тоног төхөөрөмж дутагдалтай байгаа юм.
Аймгийн хэмжээнд СӨБ-ын насны 8300 гаруй хүүхэд амьдардаг. Өнөөдөр тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор эдгээрийн 91.5 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгааг Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн хэллээ. Түүнчлэн ирэх намар Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох бол энэ оны орон нутгийн төсөвт Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгө туссан юм.
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )