Хөгшин тивийн хөлбөмбөгийн багууд өвлийн наймаагаа хийгээд дуусч байна. Тэгвэл өнгөрсөн зуны солилцоо наймаанаас аль нь хамгийн үр дүнтэй болсон бэ гэсэн санал асуулгыг хөлбөмбөг дагнан бичдэг сайтууд хийжээ. Тэдгээрээс хойд хөршийн sports.ru цахим сонины асуулгын дүнг танилцуулж байна.
Санал асуулгад оролцогчдын 47 хувь нь Златан Ибрагимовичийн солилцоог хамгийн үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Үнэгүй ирсэндээ ч биш, тэрбээр шинэ багтаа тун сайн идээшиж байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
Тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн төлөөх эхний тоглолтоо “Галатасарай”-н эсрэг хийж, “унаж татах” дархан цохилтоороо гоолдсон. Албан ёсны анхны тоглолтоо “Супер цом”-ын төлөө “Лейстер”-ийн эсрэг хийхэд хожлын гоолыг оруулсан билээ. Ингэснээр тэрбээр анхны тоглолтоороо л багтаа цом авч өгсөн төдийгүй “Премьер лиг”-ийн эхний тоглолтдоо “Борнмут”-ын хаалгыг мялааж, Итали, Испани, Франц, Английн АШТ, “Аваргуудын лиг”-т хийсэн анхны тоглолтдоо гоол оруулсан гэсэн сүрдэм амжилт гаргасан билээ. Өдгөө тэрээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж явна.
2. Нголо Канте 19 хувь. “Лейстер”-ээс “Челси”-д 32 саяар очсон. Баг нь улирлын эхний гурван тоглолтод ялж, хоёр гоол алдаад буй.
3. Поль Погба 10 хувь. “Ювентус”-аас “Манчестер Юнайтед”-д 105 саяар очсон. Баг нь эхний гурван тоглолтдоо ялсан. Поль оролцсон эхний тоглолтдоо бөмбөгөнд хүрсэн, дамжуулсан тоогоороо багаа тэргүүлсэн.
4. Матс Хуммельс 6 хувь. “Борусси Д”-аас “Бавари”-д очсон. Баг нь Бундеслигийн нээлтийн тоглолтдоо 6:0-ээр ялалт байгуулсан.
5. Садьо Мане 5 хувь. “Ливерпуль” шинэ улиралд хожил, хожигдол, тэнцээ тус бүр нэгийг авсан бол Садьо нэг гоол оруулаад байна.
6. Гонзало Игуайн 4 хувь. “Ювентус” улирлын эхний хоёр тоглолтдоо дараалан ялахад Игуайн, Хедира нар тус бүр хожлын гоолыг орууллаа.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )