Ховд: Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Манхан суманд ажиллав

2017 оны 02 сарын 02

Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга, Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Манхан суманд ажиллаж, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулан, аймаг орон нутгийн цаг үеийн мэдээллийг хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ажлын хэсэгт  аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон албаны бусад хүмүүс багтсан бөгөөд  Манхан сумын иргэдтэй хийсэн уулзалтанд тус сумын удирдлагууд оролцов.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сум орон нутагт  чиглэсэн олон ажлууд тусгагдсан. Тухайлбал: Манхан, Зэрэг, Дарви, Жаргалант, Мянгад сумдад мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйг байгуулах асуудлыг дэмжиж, төв суурин газрын хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн Алтай, Буянт, Булган, Үенч, Дарви, Манхан, Ховд, Эрдэнэбүрэн сумдын атаршсан талбайд үр тариа, улаан буудай, тэжээлийн ургамал, тосны ургамал тариалах тариалалтын хэмжээг нэмэгдүүлж, бүсчилсэн тэжээлийн үйлдвэр, цехүүдийг байгуулах талаар тусгасан нь газар тариаланг хөгжүүлэх томоохон бодлого болж байгаа юм.

Мөн аймгийн төв рүү орох, төвөөс гарах гурван чиглэлийн зам, Эрдэнэбүрэн сумын Хонгио, Манхан сумын гурван замын бэлчир, Булган сум зэрэгт  авто тээврийн шалган нэвтрүүлэх бүрэн тоноглосон пост ажиллуулж, тээврийн хэрэгсэлд даацын хяналтыг тавьж, авто замын ашиглалтыг сайжруулахаар тусгасаныг Манханчууд талархан хүлээн авч байлаа. Манхан сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилтын ажлын төслийг гүйцэтгүүлж ашиглалтанд авахаар төлөвлөөд байна.

Цаашид Манхан сумаас Хөшөөтийн уурхай хүртэл 110кВ-ын ЦДАШ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэл 35 кВ-ын ЦДАШ барихаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тус суманд тулгамдсан нэг асуудал бол хүүхдийн цэцэрлэгийн барилга юм. Иймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Манхан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл барихаар тусгасан байна. Аймгийн Засаг даргын хувьд үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан нэг чухал асуудал бол аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого юм. Энэ чиглэлээр Манхан сумын Гурван сэнхэрийн агуйд түшиглэсэн аялал жуулчлалын төв байгуулах талаар тусгагдсаныг тус сумын иргэд талархан хүлээн авч, дэмжиж байлаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top