Ерөнхийлөгч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн хоккейчдыг хүлээн авч уулзлаа

2017 оны 02 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголын өвлийн болон багийн спортын түүхэнд бичигдэх амжилт гаргасан хоккейн багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ нь Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль юм.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккейн ахлах дасгалжуулагч ОУХМ Мэргэн, багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Отгонбаяр, шайбтай болон бөмбөгтэй хоккейн багийн ахлагч ОУХМ Тамир, ДАШТ-ний шилдэг довтлогч, шилдэг цохиурын эзэн ОУХМ Баярсайхан, Энхбаяр, Болдбаяр, ДАШТ-ний хоёр удаагийн шилдэг хаалгач Мөнхболд, шилдэг довтлогч Шинэбаяр нарын зэрэг тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.

Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккей дундаа нэг багтай юм байна. Бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед Улсад нэгдүгээр сарын 24-29-нд болсон юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийг 6:5-аар хожиж ийнхүү түүхэн амжилтын эзэд болжээ. Ингэж амжилт гаргахад ОХУ-ын гурван хоккейчноор хүчээ сэлбэсэн нь мөн нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Тус тэмцээнд Монголын хоккейчид нийт зургаан тоглолт хийж  “А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан бөгөөд Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж,  Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон байна. Үүний дараа Голландын шигшээгийнхнийг 6:2-оор хожиж хагас шигшээд шалгаран  Канадын багтай эн тэнцүү тоглож  6:5-аар хожигдон хүрэл медалийн эзэд болсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийн анхны үр дүн мөсөн талбай дээр энэхүү медалиар гарсан хэмээн хоккейчид уулзалтын үеэр хэлж байлаа. Зардал мөнгө хэцүү байсан ч бүх бололцоогоо дайчлан тэмцээнд оролцож медаль хүртсэндээ тэд баяртай байсан юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Манай хоккейчид ийм мундаг амжилт гаргасанд баяр хүргэх гэж та бүхэнтэй уулзаж байна. Хамтарч ажиллана. Багийн спорт Монголд хөгжих ёстой, хүн бүхэн дэмжих ёстой, төр, засгийн зүгээс анхаарах шаардлагатай байгаа юм.

Би хөлбөмбөгт их дуртай, хөлбөмбөг хардаг. Хөлбөмбөг үздэг хүмүүсийн ихэнх нь хоккей үздэг. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллаж, та бүхэнтэй санал солилцож, боломжтой зүйл дээр  дэмжлэг үзүүлж ажиллана.

Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд их сайхан мэдээ байлаа. Ийм сайхан мэдээ сонсох нь улс орны хувьд ч сайхан байсан гэдгийг хэлье. Энэ амжилт маш олон хүмүүс, маш олон залуучууд, эцэг эхчүүдийг багийн спорт руу анхаарал хандуулах, залуучууд, хүүхдүүд энэ спортоор хичээллэдэг болоход уриалан дуудсан дуудлага болно гэж би бодож байгаа.

Ялангуяа ийм амжилт эргээд тухайн ард түмнийг, улс үндэстнийг, тухайн хүмүүсийг тэр спорт руу ороход хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Багийн спорт тэгж мундаг хөгжсөн улсын тамирчидтай тоглоод медаль аваад ирнэ гэдэг бол үнэхээр том амжилт гэдгийг хэлье.

Амжилтаа бататгаад, улам цаашаа сахилга, зохион байгуулалтаа сайжруулаад, бэлтгэлээ сайжруулаад ажиллах хэрэгтэй. Та бүхэнд бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.

Уулзалтын төгсгөлд тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хоккейн өмсгөл, цохиур бэлэглэж, хамтдаа Есөн хөлт их цагаан тугийн дэргэд дурсгалын зураг татуулцгаав.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top