Завхан: Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй дарга нарт хатуу хариуцлага тооцно

2017 оны 02 сарын 08

Өнгөрсөн 7 хоногийн албан байгууллагын дарга нарын хурал аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар дээр болж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, БОАЖГ-аас байгууллагынхаа үйл ажиллагаа, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа тухай мэдээлэл хийлээ.

Мөн аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт,  цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ хуулиар төсөвт байгууллагууд 18 төрлийн мэдээллийг хавсралтын дагуу Шилэн дансанд оруулж олон нийтэд ил тод болгох ёстой. Хугацаа хоцорсон ч мэдээллийг заавал байршуулах хэрэгтэй гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Одоогоор албан байгууллагууд энэ хуулийн хэрэгжилтийг сайн хангаж ажиллахгүй байгаа юм. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй албан байгууллагын дарга, нягтлан бодогч нар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэлх хариуцлага хүлээдэг гэдгийг энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлээд ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэст мэдээллээ оруулаагүй хууль зөрчиж байгаа албан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт авах арга хэмжээний төслийг боловсруулж, нэгдсэн байдлаар хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн сүүлийн 3 хурал дараалан яригдаж байгаа муу зардлаа бууруулах ажлын төлөвлөгөө, хөдөлмөрийн дотоод журмын шинэчилсэн төсөл, сумдад ажиллах төлөвлөгөөг бүх албан байгууллага аймгийн ЗДТГ-т ирүүлэх хугацааг дуусгавар болгож нэгдсэн төлөвлөгөөг батлахыг ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнд үүрэг болголоо. Өгсөн үүрэг даалгавруудыг хугацаанд нь биелүүлээгүй байгууллагын дарга, холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авна гэдгээ ч энэ үеэр санууллаа.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг аймгийн ЗДТГ, Монгол банкны Завхан салбар, МУИС-ийн Завхан сургууль хамтран зохион байгуулах бөгөөд энэ үйл ажиллагаанд байгууллага бүр санаачлагатай оролцохыг уриаллаа.

Энэ жил уран уургач, бугуйлчдын улсын уралдаан Завхан аймагт болно. Энэхүү уралдааныг тохиолдуулан 7-р сард “Нүүдэлчдийн соёлын наадам” аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай саналаа аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаад танилцуулахаар боллоо.

Мөн орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэмжих олон ажил хийж байгаагийн нэг нь “Хамтын хүч-Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдааг энэ сарын 3-25-ны өдрүүдэд УБ хотын Shangri La Mall-д зохион байгуулж, түрээсийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарган гар урлалын бүтээгдэхүүнээ дэмжин ажиллаж байна. Түүнчлэн албан байгууллагуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ ч дэмжин ажиллахыг аймгийн Засаг дарга уриаллаа.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл боловсрол, эрүүл мэнд, хүүхэд гэсэн 3 чиглэлээр Завхан аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжихээр болсон тухай мэдээллийг өглөө. Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтуудыг 3-р сард багтаан зохион байгуулах юм байна.

Ирэх 7 хоногийн албан байгууллагын дарга нарын хурал МУИС-ийн Завхан сургууль дээр болно.

Б.Оюун-Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top