Сү.Батболд сайдад баяр хүргэе, гэхдээ л...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Ерөнхий сайд Сү.Батболд сайхан “санаачилга” гаргажээ. Таван толгойн орд газрын лиценз эзэмшиж байгаад тус ордыг төрийн мэдэлд өгөхөд өөрийн мэдлийн тэрхүү лицензийнхээ тодорхой хэсгээс татгалзаж чадсан юм. Түүн шигээ ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 110 тэрбумын бондоос тэр өөрийн өмчлөлийн “Алтай кашмер” компаниа татгалзуулсан хэмээн мэдээлж байна. Сонирхлын зөрчлөөс ангид байхыг хүсч буй нь энэ бололтой. “Алтай кашмер” бол Монголдоо эхний тавд ордог үйлдвэр. Жилдээ 250 тонн самнасан ноолуур бэлтгэж, 140 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Засгийн газрын бонд УИХ дээр яригдах үеэр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал “Монгол ноолуур” нэгтгэлийн харьяа компаниудаас бонд авах хүсэлт ирүүлснийг нь мэдээлсэн юм. Түүний УИХ-ын гишүүдийн өмнө хэлснээр  бол  энэ жагсаалтанд “Алтай кашмер” орсон бөгөөд 20 тэрбумыг авна гэсэн байжээ. Ингээд маргаашаас нь хэвлэлүүд Сү.Батболдын компани 20 тэрбумыг авахаар болжээ  гээд шуугиж эхэлсэн байна. УИХ дээр ч гишүүд түүний энэ алхмыг шүүмжилж, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрч хэмээн дайрч байв. Үүнд эмзэглэсэн үү, үнэхээр буруугаа ойлгосон уу, “Алтай кашмер” Засгийн газрын бонд авахгүй гээд одоо зарлаж гарлаа. Гэтэл зарим эх сурвалжууд Сү.Батболдын “Алтай кашмер” компани ор тас юу ч авахгүй биш, тэднийх банкны хүүгээс хямд ийм зээлийг авалгүй яахав. Гэхдээ 20 тэрбум төгрөг бус, харин 5-7 тэрбумыг авах байх гэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Нарантуяа ч үүнийг хүлээн зөвшөөрч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жилийн долоон хувийн хүүтэй зээл авах нь ашигтай. Авмаар л байна” гэжээ. Үүнээс харахад Сү.Батболд дарга бондоос бүрмөсөн татгалзчихаагүй л юм байна даа.

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top