Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос /МҮМХ/ өнгөрсөн амралтын өдрүүдээр Орхон, Дархан-уул аймгуудад МҮМХ-ны салбар хороог үүсгэн байгууллаа. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийг мэдээ мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, орон нутгийн брэндийг дэмжих зорилгоор төрийн байгууллагын удирдлагууд, бизнес эрхлэгчид болон төрийн бус байгууллагуудтай гурвалсан уулзалт зөвөлгөөн хийж, тэдний хүсэлтээр “МАРКЕТИНГ ТРЕНД” цогц сургалтыг зохион байгууллаа.
Төр, бизнесийн байгууллагуудтай хийсэн хамтарсан уулзалтаар орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн брэндийг дэмжих, бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажиллах талаар талууд санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр МҮМХ-ны орон нутаг дах салбар хороотой нягт хамтран ажиллахаа аймгуудын удирдлагууд, бизнес эрхлэгчид илэрхийлсэн юм.
2017 оны 02 сарын 18-нд Орхон аймгийн бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “Маркетинг трэнд” сургалтыг Орхон аймгийн ЗДТГ, "Бизнес санаа" сургалтын төв хамтран зохион байгуулж, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Орших” кино театрын хамт олон заал танхимаар хангаж ажиллаа. Арга хэмжээг нээж Орхон аймгийн засаг дарга Д.Батлут үг хэллээ. Сургалтанд нийт 22 байгууллагын 40 орчим бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд сургалтын дараа Орхон аймаг дахь салбар хороог байгуулах хурал болж 9 тэргүүлэгч гишүүн, 3 хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгож батламж, туг гардуулж өглөө.
02 сарын 19-нд Дархан-Уул аймагт арга хэмжээ үргэлжиллээ. Дархан-Уул аймагт болсон сургалтанд аймгийн ЗДТГ, ИТХ, Бүтээлч Монгол Залуу Клуб ач холбогдол өгөн хамтран зохион байгуулж, аймгийн засаг дарга С.Насанбат, Хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга н.Баясгалан нар оролцлоо.
Энэхүү цогц арга хэмжээг аймгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжин УИХ-ын гишүүн Б.Жавхлан ивээн тэтгэж оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зочноор ирж орон нутгийн бизнес эрхлэгчдэд амжилт хүссэн юм. Сургалт “Буудай” зочид буудалд болж 60 гаруй байгууллагын 100 орчим бизнес эрхлэгчид оролцлоо. Сургалтын дараа Дархан-уул аймаг дахь салбар хороог байгуулах хурал болж 9 тэргүүлэгч гишүүн, 3 хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгож батламж, тугийг нь гардууллаа.
Ийнхүү Монголын Үндэсний Маркетингийн Холбоо орон нутагт салбар хороогоо байгуулах эхний ажил амжилттай боллоо. Орон нутагт салбар хороо байгуулагдсанаар тухайн орон нутаг, бүс нутгийн төр, бизнесийн байгууллагуудын хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирч, орон нутаг өөрийн онцлог давуу талд тулгуурлан хөгжих, шинэ брэнд бий болгох, бизнес эрхлэгчид, маркетерууд салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй олж авах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, холбооны бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон давуу тал боломжтой болох юм.
Орхон аймаг дахь МҮМХ-ны салбар хорооны Тэргүүлэгч гишүүд
Дархан-Уул аймаг дахь МҮМХ-ны салбар хорооны Тэргүүлэгч гишүүд
“МАРКЕТИНГ ТРЭНД” цогц сургалтыг
МҮМХ-ноос бусад аймаг орон нутагт салбар хороо байгуулах хүсэлтийг хүлээн авч байгаа гэдгээ дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл ( 0 )