Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Орхон аймагт 10 телевиз, 4 сонин, 5 радио, 5 сайт ажилладаг юм. Үүнд 100 гаруй сэтгүүлч, уран бүтээлч ажиллаж байна. Уг уулзалтын үеэр МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй залуу сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсаны дагуу Засаг дарга Д.Батлут энэ хавар шинээр барих орон сууцнаас нэг өрөө байр олгохоор боллоо. Тодруулбал, сэтгүүл зүйн салбартаа олон жил ажилласан, мэргэжилдээ сэтгэл зүрхтэй, үнэнч, шударга сэтгүүлчид нэг өрөө байр олгоё гэсэн юм.
Мөн монголын үзэсгэлэнт байгалийг гэрэл зураг, дүрсэнд мөнхлөхөд сэтгүүлч, уран бүтээлчдийн үүрэг их тул ирэх зун 15 хүний бүрэлдэхүүнтэй “Уран бүтээлчдийн баг” бүрдүүлж тойрон аялал хийхийг урьлаа. Уулзалтын үеэр МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд тэргүүн С.Шаравдорж аймгийн Засаг даргыг 100 жилийн ойн медалиар шагнасан юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй Р.Дуламрагчааг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Ийнхүү Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа, иргэдийг мэдээллээр хангахгүй байгаа төрийн албан хаагч, ёс зүйгүй аашилж, хүнд суртал гаргаж буй албан тушаалтаны буруу үйлдлийг байнга хэлж, сануулж, бурууд үг хурц, зөвд хүнлэг, шударга байхыг сэтгүүлчдээс хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )