Баян-Өлгий: “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээ жилийн турш үргэлжилнэ

2017 оны 03 сарын 08

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай юм.

“Хуулиа дээдэлье” арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд аймгийн хэмжээнд бүтэн жилийн турш үргэлжлэх юм байна.

Арга хэмжээний хүрээнд хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой сургалтын олон талт арга, хэлбэрийг ашиглан хууль тогтоомжуудыг сурталчлахаар төлөвлөжээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсан сум, баг, төрийн байгууллага, хувийн хэвшлийг шалгаруулах юм байна.

“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулснаар иргэд, олон нийтийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээ, хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ хууль, эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоо хангагдан гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгаанууд арилна гэж үзэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top