Түлш ховордож, шагчид баярлав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Оросууд найтаахад Монголчууд  ханиад хүрнэ гэдэг шиг хойд хөршид маань бензин хомсдонгуут  манай улсад үнийн хөөрөгдөл үүсээд байна. Дээрээс нь дизель түлшний олдоц муудан нефть импортлогч жижиг компаниуд түлш олгохоо зогсоосон. “Сод Монгол“, ”Петровис”, “Магнай Трейд” зэрэг компанийн цөөн хэдэн ШТС байнгын худалдан авагчдадаа карт олгон, түүгээрээ дизель түлш олгоод байгаа. Манай нефть импортлогч компаниуд энэ сард 84 мянга шахам тонн дизель түлш  “Роснефть” компанид захиалснаас эхний ээлжинд 34 мянган тонныг олгох боломжтойгоо мэдэгдсэн. Харин түлшний олдоц багассаныг далимдуулан ченж нар гарч ирлээ. Хөдөө гадаа хол замд явах улсууд түлш  олдохгүй хэцүү байна яадаг билээ гэсэн хүмүүст 50 мянган төгрөг тутамд 5000 төгрөг нэмээд зардаг гэнэ. Хэрвээ нэг хоёр тонноор нь авах бол шовгорыг нь өгвөл олоод өгч болно гэсэн хүмүүс ч тааралдлаа. ШТС-ынхан “картаар авснаас талоноор авсан нь илүү ашигтай.  50 мянган төгрөг хүртэлх хэмжээний талон аваад хэрэглээндээ тохируулж хэдэн ч удаа түлш авч болно. Ийм хэмжээний талоныг нэг хүнд ганц удаа  олгоно. Харин карт авахад 5000 төгрөгийн хураамж төлнө. Даанч талон бараг олдохоо больсон. Түлшний нөөц багасаж байгаа” хэмээн хэлж байх юм. ШТС-д танилтай хүмүүс арын хаалгаар түлш аваад дамлаж, ШТС-тай сайн ярьж тохирвол түлш худалдан авч болохгүй зүйлгүй хэмээн эх сурвалж ярих нь ч сонсогдов. Мөнгөтэй, танилтай хүмүүст бүх зүйл нээлттэй болсон Монголын нийгэм ээ гэж.  

М.Гэрэлгуа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top