Малчдаа дэмжихгүй бол мах идэхээ болиорой

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Хөдөөгийн хэдэн малчид маань зуд турханыг арай хийн давж гарлаа. Сүүлийн жилүүдэд тэд зуднаас бараг салсангүй. Олон ч малаа тавиад туучихсан. Малгүй боллоо л бол тэд модоо барьж, гуйлгачингийн амьдрал руу шилждэг. Зарим нь ийм зовлонгийн өмнө сөхөрч амиа егүүтгэн хорвоог орхиж байсан удаатай. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригч намууд баахан мөнгө амлаад байхаар нь итгээд амьжиргаагаа дээшлүүлж, малаа чанаржуулахын тулд малчид банкнаас мөнгө зээлдэж байлаа. ХААН банк гэхэд л бараг бүх суманд үйлчилж, хамгийн олон малчинд зээл олгосон. Арилжааны банк болсон хойно, хүү өндөртэй. Гэхдээ малчид үүнээс айгаагүй. МАН-ын амласан 1,5 сая төгрөгийг бэлнээр авах юм чинь гээд зээлээр бялхаж өгсөн.  Гэвч удалгүй цөмөөрөө эрсдэлд орцгоосон доо.  Нөгөө МАН-ын бэлэн мөнгө, АН-ын хувьцаагаар өгөх мөнгө аль аль нь одоо ч бүрэн шийдэгдээгүй байна. Малчдын зээлийн үлдэгдэл өнөөдөр зөвхөн ХААН банканд  58,3, Монгол шуудан банкинд 4,9 тэрбум төгрөг болоод байгаа. Нэг үгээр хэлбэл банкны мал хариулцгаадаг болсон. Малаа банкинд барьцаалсан. Мал нь үхэж үрэгдэхэд төлөх юмгүй болсон. Эдгээр банкууд харин өнөөг хүртэл зээлээ шавдуулахгүй байгаа нь сайшаалтай. Хэрвээ шүүхээр асуудлаа шийдүүлвэл малчид улам хохирно. Аягүй бол зарим нь аргаа бараад зээлээ огт төлөхгүй бултаж, өөр аймаг сум дамжин нүүдэллээд явж ч магадгүй. Хөдөөгийн уул талын хаана яваа гэж банкны менежерүүд хайхав. Хайж олоод ч олигтой юм олж долоохгүй. Тиймээс төр үүнийг нэг удаа шийдэж өгөхөөс аргагүй боллоо.  “Хүний хөгжил сан” байгуулсны хэрэг юусан билээ. Тэнд хуримтлагдсан, өгвөл зохих мөнгөөр нь малчдын зээлийг хаачихвал буян болно. Малчдын маань өрх гэрт 700 гаруй мянган хүн амаа ангалзуулаад хараад сууж байна. “Ноолуурын нэгтгэл”-д 110 тэрбумын хөнгөлөлттэй бондоор зээл өгч 1,5 мянган хүнийг ажлын байраар хангахаас илүү ач тустай үйл болох байлгүй. Ямар монголчууд цөмөөрөө махнаас гарчихсан биш. Бидний идэх махыг малчид л бэлтгэж байгаа. Харамсалтай нь 2009 оноос хойш ийм санал гаргасан Г.Батхүү зэрэг гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд хайхарч үзэлгүй явсаар өдий хүрлээ. Малчдаа дэмжихгүй бол эрхмүүд минь, мах идэхээ болих хэрэгтэй шүү дээ.

Х.Тулга. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top