Дасгалжуулагч Д.ЭРХЭМБААТАР: Олон хотын өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Өмнөговьд болно

2017 оны 03 сарын 16

Ханбогд бөхийн дэвжээний дасгалжуулагч, аймгийн начин Д.Эрхэмбаатартай ярилцлаа.

- Аймгийн Засаг даргын нэрэмжит, Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан олон хотын чөлөөт бөхийн өсвөрийн барилдаанд хэдэн тамирчан оролцохоор бүртгүүлэв?

- Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит, Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн Олон хотын нээлттэй тэмцээн 2017 оны гуравдугаар сарын 16-18-нд Даланзадгад хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Манай аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч багш Ганзоригийн хамт гаргасан санаачлагыг аймгийн Засаг дарга болон Биеийн тамир спортын газар, аймгийн ИТХ-ын удирдлагууд бүгд дэмжиж хүлээж авсан. Энэ тэмцээнд одоогийн байдлаар улсын болон олон улсын зэрэглэлтэй 13 шүүгч, 26 байгууллагын 500 гаруй тамирчин ирж оролцохоор мэдүүлгэ эөгсөн. Үүнд Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дорноговь болон Улаанбаатараас, ӨМӨЗО-оос, Буриадаас багууд ирж оролцохоор болсон. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Батбаяр ирж оролцоно.

- Тэмцээнийг аймагтаа зохион байгуулах болсон гол зорилго?

-  Энэхүү тэмцээнийг Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж байгаагийн гол зорилго нь Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудыг чөлөөт бөхийн спортод татан оруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэж байгаа. Үүний хажуугаар Ханбогд бөхийн дэвжээний арван жилийн ойн нэрэмжит болгон давхар зохион байгуулж байгаа юм.

- Тэмцээн хэднээс хэдний хооронд болохвэ?

- Энэ тэмцээн гуравдугаар сарын 16-18-ны хооронд аймгийн Биеийн тамир спортын газарт болно. Дараа нь дөрөвдүгээр сарын 6-7-нд Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан насанд хүрэгчдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан Ханбогд суманд болно.

 - Ханбогд бөхийн дэвжээний дасгалжуулагч хүний хувьд уйгагүй хөдөлмөрлөж зүтгэсэний хүчинд чамгүй олон амжилт гаргасан. Дурдвал?

- Ханбогд бөхийн дэвжээг 2007 онд үүсгэн байгуулснаас хойш 10 жил болсон байна. Энэ хугацаанд бидний хичээл зүтгэл, хөлс хүч хөдөлмөрийн үр дүнд чамгүй амжилт гаргасан. Тухайлбал Чөлөөт бөхийн аймгийн аваргаас 2007 онд хүрэл медаль авснаас хойш завсаргүй 8 жилтүрүүлсэн бол энэ жил мөнгөн медаль авсан. Мөн үндэсний бөхөөр завсаргүй 8 жил түрүүлээд өнгөрсөн жил мөнгөн медаль аваад энэ жилд ахин түрүүллээ. Улсын хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээд манай Ханбогд бөхийн дэвжээ 10 гаруй медаль авсан байдаг. Улаан-Үдэд болдог монгол туургатны хүүхдийн их наадмаас 4 медаль авч нийтдээ олон улсын хүүхдийн өсвөр үеийн тэмцээнээс нийт 5 медаль авсан. Үндэсний бөхийн улсийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрийг хүртэл огт медаль авч үзээгүй байсан гэвч манай шавь Дашжамцэнэ тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан нь Өмнөговь аймгийнанхны медаль болсон.

Ханбогд дэвжээг үүсгэн байгуулснаас хойш спортын мастер 2, дэд мастер 2, аймгийн начинн эг, сумын начин 5, сумын заан 4, чөлөөт бөхийн олон улсын 1-р зэрэгтэй тамирчин 8 төрсөн.

- Таны шавь хэр олон бэ?

- Нийт 130 гаруй шавьтай.  Манай Ханбогд бөхийн дэвжээнд ирж хичээл сургуулалт хийхэд заавал хүүхэд гэхгүйгээр ямар ч насныхан хамрагддаг. 2016 онд Өмнөговь болон Ханбогд сумын нийт бөхчүүд нийлээд улсын аваргаас 3 хүүхэд 1 мөнгө, 2 хүрэл авсан, Багахангайд болсон олон хотын тэмцээнд бид багаараа 3-р байранд орсон. Мөн Налайх дүүрэгт болсон Голомт цогцолборын нэрэмжит тэмцээнд багаараа 3-р байрт шалгарсан. Энэ жил миний энэ гаргасан амжилтыг үнэлж аймгийн оны шилдэг дасгалжуулагч болгосонд баяртай байгаа.

- Спортын өндөр амжилт хүсье.

Ж.Сайнжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top