Тамсагийг там болгосон нефтийн замыг хааж, даварсан хятадуудад сургамж өгмөөр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Дорнодын их талаас нефть олгойдон, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааж байсан өдрөөс хойш 16 жил өнгөрчээ. Тэр үед П.Очирбат гуай “Монголчууд өөрсдөө шатахуунаа хийдэг болох цаг ирлээ” гэж байсан юм. Үүнийг сонсоод уяхан нэг нь нүдэндээ баярын нулимстай зогсож байлаа. МАН-ынхан Н.Энхбаярыг Оросод төлөх их өрийг тэглээд ирлээ гэж шинэ жилийн нэгэн баярын цэнгүүн дээр анх мэдэгдэхэд одоогийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү олны өмнө бараг мэлмэрүүлэн уйлж байж билээ. Яг л түүн шиг сэтгэл нь хөөрсөн биз. Оросуудаас нефтийн бүтээгдэхүүн авдаг манай орны хувьд үндсэндээ хараат байдалтай байгаа. Тэд дургүйгээ хүрсэн үедээ үнийг нь нэмчихдэг. Дундаас нь манай хэдэн монополь аваргууд ашиг хөөгөөд бүр дийлдэхээргүй болгож орхино. Ёстой тамын ёроолын амьтан шиг явсаар өдий хүрч байна. П.Очирбатын сайхан үг даанч биелсэнгүй. Америкийн хөрөнгө оруулалттай “Соко тамсаг” компани анхны нефтийг тийнхүү гаргаж, Хятадад нийлүүлж байгаад яваад өгсөн. Хайгуул, олдворлолтын лицензийг нь 2005 онд авсан Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани одоо манай нефтийг өдөр шөнөгүй урагш нь зөөж байна. Тэд өнгөрсөн хугацаанд 5 сая орчим түүхий нефть ачсан гэнэ. Энэ жилээс олборлолтоо нэмэх бололтой. Улсын төсөвт 75 сая долларын орлого өгчээ. Гэвч харамсмаар зүйл зөндөө байна. Хятадууд ядаж хүнд даацын машин явдаг зам нь жинхэнэ там болжээ. Стандартын шаардлагын дагуу зам тавиагүй. Нийтдээ 130 км зам барихаас арай ядан 70 км-ийг нь хайрган хучилттай болгосон. Өргөнөөрөө 6 метр гэнэ. Машин явахад тун хүндрэлтэй. Ийм замыг нь манай улсын комисс хүлээж аваагүй. Гэтэл компанийн захирал Гао Вэн Бо гэгч нь танайх энэ замыг албан ёсоор хүлээж авсан гэж гөрддөг ажээ. Монголын байгаль яаж сүйдэх нь тэдэнд ер хамаагүй. Нөхөн сэргээлт ч хийдэггүй. Баянхошуу боомт руу 210 км хатуу хучилтай зам тавихаар төлөвлөсөн ч тэд хийгээгүй байна. Үүнийгээ танай монголчууд хүнд суртал гаргадаг хэмээн тайлбарлана. Ухаандаа гэрээ ёсоор тэдэнд манай Эрдэс баялгийн зөвлөлөөс зохих үйлчилгээ үзүүлэх, тооцоо төлөвлөлтийг хийлцэх учиртай байсан юм билээ. Тамсагийн энэ орд газрыг нефтийн 100 жилийн нөөцтэй байж магадгүй гэдэг. Үүнд хятадууд шунаж байна. Гэхдээ тэд хоноцын сэтгэлээр бүх зүйлд хандаад байгаа юм. Замаа өргөн болгооч гэхээр үүнээс өөрөөр хийх аргагүй гэж томрох жишээтэй. Төлөвлөсөн томоохон ажлууд дээр техникийн нөхцөлүүдээ тодорхойлж манайд өгдөггүй юм байна. Нэг л битүү, хатуу янзтай. Манайх нефть боловсруулах жижиг, дунд үйлдвэр барих санал тавьсан ч тэд зам, гэрэл цахилгаан, нефтийн нөөцийг бүрэн тодорхойлох зэрэг өмнөх ажлаа амжуулаагүй гэсэн шалтаг өөдөөс тоочиж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл дургүйд хүчгүй гэгч болж байгаа бололтой. Ерөнхий сайд С.Батболд саяхан тэнд очоод компаний удирдлагуудтай уулзах үеэрээ  олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх, байгалийг нөхөн сэргээх, нефть боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах талаар ярьжээ. Гао ВэнБо захирал харин “Бидэнд нефть боловсруулах үйлдвэрийн талаар санал тавьж байсан. Гэвч хоёр тал нэгдсэн ойлголтонд хүрээгүй” гэж байв. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр манайхны урагшгүйгээс энд хамаг ажил сунжирч байгаа болов уу. Нөгөөтэйгүүр Хятадууд манайхыг нефть боловруулж, шатахуунаа өөрсдөө хийнэ гэхээр гэдийж байгаа биз. Хятад санаа гэдэг “агуу” шүү дээ. Биднийг эдийн засгийн хараат байдалтай хэвээр үлдээхийг хүсэх нь гарцаагүй. Тиймдээ ч манай байгаль орчныг хайхарч үзэхгүй байна. Хажуугийн сум орон нутгийг хөгжүүлэхэд ч нэмэр хандив тааруу байгаа ажээ. Хааяа Матад суманд хэдэн төгрөг хялайлгана. Тэнд одоо болтол гэрэл цахилгаангүй л байна. Монголчуудаас 600 гаруй хүн ажиллаж байгаа боловч хятад ажилчдаас хэд дахин бага цалин авна. Хэдий болтол ийм байх юм бол оо. Эзэн хүн шиг загнаж, хятадуудыг тэнд давраамааргүй байна шүү дээ. Хүнд даацын машинаараа газар шороог түйрэн болтол эргүүлж хаяад явах нь тэдэнд огт падлийгүй. Манай талаас ч хариуцлага тооцдоггүй. Тамсагт одоогоор байдал иймэрхүү байна. Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэж байгаа машины замыг хааж, засмал зам тавихыг шаардаж болсон юм чинь яагаад Тамсагаас Хятадын хил хүртэлх тэр замыг нь хааж болохгүй байхав. Юмны эзэн, сумны занги шиг баймаар юм аа, монголчууд. Даварсан хятадуудад дарлуулаад баймааргүй байна. Хамаг байгалиа сүйтгүүлмээргүй байна шүү дээ. Нефть боловсруулах үйлдвэр байгуулж, шатахуунаар Оросыг царайчлахгүй болмоор байх юм.

Х.Тулга. Zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top