Монголд анх удаа холимог тулааны шоу нэвтрүүлэг зохиогдоно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 13

Түүхт Монголын дайчин эрс, дайн тулаанд шилдгүүд нь байв. Иртэй цөстэй, эрэмгий хурц Монгол эрс энэ цаг үеийн тулааны спортын дэвжээг эзэгнэж байна. Ур чадвар, тэсвэр хатуужил, арга билгийг төгс эзэмшсэн төгс тулаанчид эр зоргийн дэвжээнд шилдгийн шилдэг тулаанаа хийх цаг айсуй... Монголд анх удаа “Ви” телевиз, “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” хамтран 30 сая төгрөгийн төлөөх тулааны спортын “Мастер Тулаанч” шоу нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр буюу 04 сарын 13-ны 21:30 минутаас ВиТиВи- ээр үзэгч танд хүрэх нь ээ .

Манай улсад хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижин, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрууд, зүрхний өвчлөл, ясны сийрэгжилт, үе мөчний өвчин жилээс жилд залуужин ихэсч байна. Тиймээс бид бие хамгаалах урлагийг хүүхэд залуучуудад хүргэх, үлгэр дуурайлал болгох, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөн дэлхийд өрсөлдөх холимог тулааны тамирчдыг гаргах зорилготой юм. Төслийн ерөнхий удирдагчаар Боксын спортын мастер, Бие хамгаалах урлагийн Олон Улсын хэмжээний мастер, МУ-ын БТСТАжилтан Өлзийхутгын Гантөмөр, Төслийн ерөнхий шүүгчээр Холимог тулааны дэлхийн аварга, МУ-ын гавъяат Тамирчин Жадамбын Нарантунгалаг, “Ширэн бээлий” клубын ахлах дасгалжуулагч, Боксын ОУХМастер Дамдингийн Төрбат, Гардио  ММА клубын ахлах дасгалжуулагч Улаанхүүгийн Зоригт нар дасгалжуулагчаар ажиллаж байна.


 

Харин оролцогчдын хувьд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 120 оролцогчоос тулаан хийж ялсан, шилдэг 24 залуу тунаж үлдээд байгаа. Тэдний хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой. тухайлбал, Батбаатарын Баттөр facebook instagram-н од. Хамгийн олон дагагчтай жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч. Боксын спортоор хичээллээд 8 жил болж байгаа. Спортын мастер цолтой. Клуб цэнгээний газар зодооноороо хэний ч дор ордоггүй ч торон дотор жинхэнэ тулаанчдын дунд орвол би хэн юм бэ? гэдэгээ мэдэх гэж, өөрийгөө сорих гэж уг төсөлд хамрагджээ. Мөн Мягмарын Мөнхбат чөлөөт бөхөөр хичээллээд 1 жил болж байгаа. Гуулин спортын тэмцээнд 6 удаа түрүүлж байсан. Морины хүүхэд. Мастер Тулаанч реалити шоуны хамгийн жижиг биетэй оролцогч. Хотын залуусын юу чаддагийг харах гэж уг төсөлд хамрагдсан байна.

 Монголын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн нь өнөөдрийг хүртэл аваргын бүсгүй байсан бол энэ жил анх удаа Эм Жи Элийн аваргын бүстэй болжээ. Тиймээс тулааны сүүлийн шатанд 77 кг жинд аваргын төлөө Батсүмбэрэл, Энх-Оргил нар өрсөлдөж, ялагч нь аваргын бүсийн эзэн болох юм. “Мастер тулаанч” нэвтрүүлгийн эхний дугаар өнөө орой буюу 4 сарын 13-ны оройн 21.30 минутаас үзэгч танд хүрнэ. Харин эхний тулаан 4 сарын 15-ны 21.30 минутаас Ви телевизээр үзэгчдэд хүрэх нь ээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top