Долдугаар сард дизель түлшний нөөц дуусна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Түлшний үнэ тэнгэрт  хадаж бөөний үнэ 2000 төгрөгт хүрлээ. Өнөөдрийн байдлаар дизель түлш 1440-1470 төгрөгний үнэтэй байгаа. Гэвч энэ бол жижиглэнгийн үнэ.  Уул уурхай, зам анги зэрэг түлшийг ихээр хэрэглэдэг компаниудад түлш олдохгүй байгаагаас  бөөний үнэ ийнхүү тэнгэрт хадах болжээ. Хэрвээ тэдэнд хэрэглээнийх нь хэрээр түлш өгвөл сар хүрэхгүй хугацаанд түлшний нөөц дуусахаар байгаа аж. Нөөц дуусаж байгаа учраас хязгаартайгаар хүргэж, “Магнай Трейд”, “Ник”,” Петровис” компанийн шатахуун түгээх станцууд зөвхөн гэрээтэй байгууллагуудаар талонаар түлш өгч байгаа. ШТС–д танилтай нөхдүүд талон шаглан ашиг олж байгаа талаар Zindaa .mn өчигдөр мэдээлсэн билээ. Нийслэл, хот хөдөө ялгаагүй их сайндаа л шатахууны савыг дүүргэж  байгаа аж.  Дизель түлшээр явдаг иргэдийн зарим нь машинаа гараашдаа цоожлоод явган алхаж байгаа бол, микроны жолооч нар үүн дээр төр засаг ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн гомдолцгоож байна.  Энэ байдлаар удвал микрогоор зорчих үнэ нэмэгдэх вий хэмээн ард иргэд түгшиж байгаа нь нууц биш. ЭБЭХЯ-ныхан хилээр орж ирж байгаа түлшний татварыг тонн тутамд 200 мянган төгрөгөөр бууруулах шийдвэрт хүрсэн. Ингэснээр түлшний үнэ хий хөөрөгдөхгүй байхаар хичээсэн нь лавтай. Тус яамны дэд сайд Т.Ариунсанаар ахлуулсан баг Москваг зорьж  Оросын талтай дизелийн түлшний асуудлаар хэлэлцээр хийхээр явсан байна. Уг нь Оросууд дотооддоо шатахууны хомсдолд орж экспортондоо хориг тогтоосон ч Монголд хамаарахгүй гэж амлаж байсан удаатай. Тэд амласнаа мартаагүй бол бид түлшний энэ хомсдлоос удахгүй ангижрах болов уу.  Харин Оросууд хэлсэн үгэндээ хүрэхгүй бол нефть импортлогч нар зөвхөн гэрээт байгууллагууддаа дизелийн түлш тараах хэмжээнд явсаар долдугаар сар гэхэд нөөц дуусахаар байгаа юм байна. Шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг манайхны хувьд  Ариунсан сайдын хэлэлцээр амжилттай болж Орос ах нар хэлсэндээ хүрээсэй гэх хүлээлт үлдлээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top