Ховд аймгийн Ховд хотноо өнөөдөр баруун бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна. Орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой "Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт" уриан дор зохион байгуулагдаж буй "Намын ажилтны улсын зөвлөгөөн"-ийг улс орон даяар зохион байгуулж ийнхүү Баруун бүсийн зөвлөгөөнөөр өндөрлүүлэх юм.
Баруун бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийт 300 орчим намын ажилтнууд оролцож байна.
Намын ажилтны улсын зөвлөгөөний нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Х.Болдмандал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Удаанжаргал болон орон нутгийн намын хорооны төлөөлөгчид оролцлоо.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нээлтийн үгэндээ МАН-аас бүсчилсэн зөвлөгөөний хамгийн сүүлийнх нь болж буйг дурьдаад "Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад хөндөгдөж байсан намын гишүүдэд хамаатай хэд хэдэн зүйлд байсныг онцолж байлаа. Түүнчлэн намын ажилчид болон намаас томилогдсон дарга нар ямар ч зүйлийг жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг хангалттай үүрч гарах хариуцлагатай, ёсзүйтэй байх"-ыг сануулж байсан юм.
"Намын ажилтны улсын зөвлөгөөн"-д оролцогчид зөвлөгөөнөөсөө эв нэгдлийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллахыг нийт гишүүд дэмжигчдэдээ хандсан нэгдсэн уриалга гаргахыг дэмжлээ.
Сэтгэгдэл ( 0 )