Валентин Райчев: Монгол бөхтэй хийсэн барилдаан хамгийн хүнд байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Болгарын бөх, олимпийн аварга Валентин Райчевийг монголчууд андахгүй. “Москва 1980” олимпод түрүүлэхдээ шигшээ барилдаанд манай бөх Ж.Даваажавыг ялсан нь түүнийг ийнхүү алдаршуулсан юм. Н.Түвшинбаярыг “Бээжин 2008” олимпод түрүүлэхээс өмнө аварга цолд хамгийн ойртсон бөх нь Ж.Даваажав агсан байсан билээ. Монголын спортын нэгэн содон түүхийн гол баатар болсон энэ домогт бөхийг уншигчидтайгаа уулзуулья.     

-Монголчууд таныг Москвагийн олимпийн аварга гэж мэдэхээс хувь хүний тань хувьд тийм ч сайн мэдэхгүй. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би 1958 онд төрсөн. Одоо 58 настай. Нийслэл Софи хотын унаган хүүхэд. Коновица дүүрэгт төрж өссөн. Тэр үед Юүчбунар дүүрэг гэж нэрлэдэг байсан. Тэр үед одоотой адил айл бүрт компьютер, зурагт байгаагүй болохоор хүүхдүүд гадаа тоглож л чөлөөт цагаа өнгөрөөнө. Хөөцөлдөнө, гүйнэ, харайна. Шаламгай байдлаараа бусдаас давуу байсан болохоор эхлээд хөнгөн атлетикийн спортоор хичээллэж үзсэн. Гэвч удалгүй зүгээр л гүйх нь уйтгартай санагдаад хөлбөмбөгөөр хичээллэх боллоо. “Есдүгээр сар” гэдэг нэртэй багт орсон юм. Гэтэл дасгалжуулагч маань бөмбөггүй дасгал хийлгээд болдоггүй. Бөмбөгтэй харьцахгүйгээр хөлбөмбөгөөр хичээллэнэ гэж юу байдаг юм бэ гэж бодоод бас л болисон. Ингэж яваад 11 настайдаа анх бөхтэй холбогдсон доо. 1988 онд зодог тайлах хүртлээ 19 жил эрчимтэй хичээллэсэн байна.

-Та ид барилдаж байх үедээ 1980 онд олимпийн наадамд түрүүлж, 1981 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр тэмцээний талаар онцолж ярья. Олимпийн наадамд түрүүлэхдээ та маш олон барилдаан хийсэн байдаг?

-Тийм ээ. Москвагийн олимпийн наадмыг дурсах надад үргэлж сайхан байдаг. Барилдааны тухайд, найм барилдаан хийсэн байдаг юм. Үүнээс  сүүлийн өдөр тав барилдсан байдаг. Эхний гурван тойрогт Австри, Итали, Германы бөхчүүдтэй барилдаж ялаад дөрөвдүгээр тойрогт Азийн наадмын аварга Энэтхэгийн бөхийг хожсон. Дараа нь Польшийн бөхийг ялаад зургадугаар тойрогт олимп, дэлхийн аварга Павел Пинигинтэй барилдсан. Хагас шигшээд Чехословакийн (тухайн үеийн нэрээр) бөх, Европын аварга Дан Карабиныг ялж, аваргын төлөө шалгарсан.

 -Аваргын төлөө манай бөх Ж.Даваажавтай барилдсан биз дээ?

-Тийм ээ. Миний хувьд олимпод хийсэн хамгийн хэцүү тэмцэл Энэтхэгийн бөх, Ж.Даваажав хоёртой хийсэн барилдаан. Энэтхэгийн бөх бүх биеэ тосолчихсон болохоор барьц олж барихад хэцүү байсан шүү. Түүнийг 9:6-гаар яллуу даа. Ингэж найман барилдаан хийхдээ 94 оноо авсан байдаг.

-Москвагийн олимпийн алтан медалийн төлөөх тэр барилдааныг монголчууд байнга дурсдаг юм?

-Би ч адилхан. Москвагийн олимп бол миний олимп байсан. Үнэхээр 1980 оны долдугаар сарын 30-ны тэр өдөр миний өдөр байсан.

-Оноо тэнцүү байх үед манай бөх өөрөө түрүүлж мэх хийгээд танд нэг оноо “бэлэглэчихсэн” гэдэг. Хэрвээ барилдаан тэнцээгээр дууссан бол манай бөх түрүүлэх байсан гэж ярьдаг. Тэр үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Барилдаан маш тэнцүүхэн өрнөж 5:5 оноотой байх үед би хариу мэхээр нэг оноо авч хожсон юм. Тэр үед бөхчүүдэд торгуулийн оноо гэж байдаг байсан. Цэвэр ялалт, оноогоор цэвэр ялалт, оноогоор ялалт, тэнцээ оноотой. Торгуулийн оноо өгдөг хасдаг. Шигшээ барилдааны өмнө би тав, Ж.Даваажав 4.5 оноотой байсан болохоор хэрвээ барилдаан тэнцээгээр дууссан бол Ж.Даваажав олимпийн аварга болох байсан. Би барилдааны төгсгөлд л оноо авч ялсан юм. Маш хүнд барилдаан болсон  

-Та Москвагийн олимпийн өмнө манай бөхтэй таарч барилдаж ялсан гэдэг байх аа?

-Тийм ээ. Тэр чинь Зүүн Германы Зеленбиндерт болсон олон улсын тэмцээн юм. Болгарт миний жингийн гол өрсөлдөгч байсан Александр Нанев бас барилдсан. Тэгэхэд би Ж.Даваажавыг ч А.Наневыг ч ялж түрүүлж билээ. А.Нанев хоёрт, Ж.Даваажав гуравдугаарт орсон.      

-Москвагийн олимпийн 74 кг-ын жинд Болгараас өөр бөх оролцох магадлал өндөр байсан гэдэг. Гэвч дасгалжуулагчид олимпийн өмнөхөн шийдвэрээ өөрчилж, таныг оролцуулахаар болсон гэж сонссон?

-Тийм, тийм. Эхлээд Александр Наневын магадлал өндөр байсан. Харин саяын ярьдаг Зеленбиндерийн тэмцээнд түрүүлсний дараа дасгалжуулагч “Чи олимпод явна” гэсэн.

-Москвагийн олимпод зодоглосон Болгарын шигшээ багийн бөхчүүдээс ганцхан та л хотын хүүхэд нь байсан гэдэг. Бусад нь дандаа хөдөө, хязгаар нутгийнхан байсан гэдэг?

-Үнэн үнэн. Би шигшээ баг дотроо ганцаараа хотын хүүхэд байсан. Бусад нь монголчуудын хэлдгээр хөдөөнийх. Гэсэн ч би ганцаараа түрүүлж алтан медаль авсан юм шүү.

-Та олимпийн наадмаас хойш Ж.Даваажавтай уулзсан уу?

-Дахиж уулзаагүй. Одоогоос хэдэн жилийн Монголын Элчин сайдын яамнаас ярьж, түүнийг бурхны оронд одсон талаар дуулгахад л өнгөрснийг нь мэдсэн дээ. Элчин сайдын яамныхан уулзалт зохион байгуулья, ЖДаваажавын тухай бичиж байгаа номд өөрийн дурсамжаа оруулаач гэж хүссэн. Би ч “Асуудалгүй, тэгье” гэж хариулсан даа. Тэгээд дурсамжаа хэлж өгсөн, номд нь орсон байдаг байх.

-Олимпийн аварга болоод ирэхэд тань төр засгаас хэрхэн урамшуулж байсан нь сонин байна?

-Бэлэн мөнгө хэчнээнийг өгснийг мартжээ. Ямар ч байсан машинаар шагнасан. Дараа нь байртай болсон. Гурван өрөө байртай болсон шүү.   

-1981 оны ДАШТ-ий мөнгөн медалийнхаа талаар дурсахгүй юу?

-Шигшээд Германы бөх Мартин Кноппст 8:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийн төлөө барилдаад ялагдсан болохоор сэтгэл дундуур байсан. Надад үүнээс гадна Европын аваргын тэмцээний мөнгөн медальбий.

-Монголчууд С.Барзаковыг сайн мэднэ. Болгарын бөхийг дахин сэргээсэн энэ алдарт бөх “Левски” клубт харъяалагддаг байсан. таны шавь юм биш биз дээ?

-Миний шавь биш ээ. Миний найз Иван Цочевын шавь байгаа юм. И.Цочев 57 кг-д барилдаг, Москвагийн олимпийн дөрөвдүгээрт байрт шалгарч байсан бөх байдаг. Тэгэхэд хүрэл медалийг Монголын бөх авч байсан (МУГТ Д.Оюунболд агсан).

-Тэгвэл таны яг гарын шавь нараас өндөр амжилт гаргасан ямар бөхчүүд байна вэ?

-Барселона 1992 олимпийн 68 кг-д мөнгөн медаль хүртсэн Валентин Гецев, 2000 оны Токиогийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Стоян Ненчев нар миний шавь.   

-Одоо гэр бүлийн тань талаар асууя. Та олимпийн аварга болчихоод гэрлэсэн үү?

-Танилцахын хувьд, бол эхнэртэйгээ олимпийн өмнө танилцчихсан байсан. Москвагийн олимпоос 100 кг-ын жинд мөнгөн медаль авсан миний сайн найз (Славко Червенков. ред) бий. Бид шигшээ багт байхдаа нэг өрөөнд хамт амьдардаг байсан. Түүний эхнэр нь манайд ирэхдээ ангийнхаа охиныг дагуулж ирдэг байсан юм. Эхэндээ манай хүн надтай үерхэхийг зөвшөөрдөггүй байлаа. Намайг барилдуулахыг хүсдэггүй байсан юм. Ингэж явсаар олимпийн дараа л албан ёсоор гэр бүл болсон.

-Олимпийн аварга болсны дараа л харьцаа өөрчлөгдөж дээ. Олимпийн аварга болж ид мандаж байсан үед тань бүсгүйчүүдээс өдөөн хатгалга ирнэ биз?

-Олимпийн дараа бид алдартай болцгоосон. Энд тэнд уригдаж, яг одоо танд өгч байгаа шиг ярилцлагыг олонтаа өгдөг байлаа. Тэр үед охид бүсгүйчүүд “Та гэрлэсэн үү” гэх тохиолдол байсан. Би ч эхнэртэйгээ хараахан гэрлээгүй байсан болохоор “Үгүй ээ” гээд л... (инээв).     

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс тань тамирчин болсон хүн бий юу?

-Би хүү, охин хоёртой. Охин маань олимпийн дараа төрсөн. Гэтэл тэр жаахан охин маань одоо намайг өвөө болгочихоод байна. Хүү маань өсвөр үедээ бөхийн спортоор хичээллэдэг байсан. Уг нь Софи хотын АШТ-д түрүүлж, ирээдүйтэй гэгдэж байсан ч харамсалтай явдал тохиолдож хөлөө тайруулсан. Харин охин маань өөр сонирхолтой. Гал зуухны өрөөний интерьер гаргадаг ажилтай. Одоо Лондон хотод мэргэжлээрээ ажиллаж, амьдардаг. 

-Монголд ирнэ гэдгээ мэдээд Москвагийн олимпийг дурсав уу?

-Маш их. Үнэхээр хүнд барилдаан болсон. Замналын маань хамгийн хэцүү барилдаан нь Ж.Даваажавтай хийсэн тэр барилдаан байсан.   

 

Х.Бат

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
poo(202.9.42.20) 2017 оны 05 сарын 11

saikhan yariltslaga bna

0  |  0
Goe (174.204.10.214) 2017 оны 04 сарын 29

Saihan gegeeleg sedev undhlaa

0  |  0
Top