Сүүлийн үед Ш.Сайхансамбуу гишүүн нэг л биш ээ. Сонин, сонин юм яриад байх болж. Нэг бол их шударга, эсвэл бүр усан тэнэг болов бололтой. Гэхдээ түүнийг угаасаа шударга амьдарч байгаагүйг хүмүүс сайн мэдэж байгаа байх. ”Нарантуул” худалдааны төвийг луйвраар хувьдаа авсан тухай нь нэгэн ахмад настан найраглал маягийн юм зохиочихсон залуу үеийнхэндээ уншиж өгөөд “Та нар Монголынхоо төлөө шударга амьдраарай. Энэ мэтийн хүмүүс шиг бүү яваарай” хэмээн хичээнгүйлэн захидаг болсон гэнэ лээ. Тэгэхээр одоо гэнэтхэн төрөл арилжаагүй бол шударга явж чадаагүй байна. Юмыг яаж мэдэхэв. Хүн яаж ч өөрчлөгдөж бас болно оо. Суут ухаантан болж болно. Гэхдээ Ш.Сайхансамбуугийн хувьд одоогоор ойлгоход төвөгтэй болоод байгаа юм. Дан ганц авлигын асуудал ч биш. Түүний толгойд өөр юм эргэлдээд байгаа бололтой. Хэн нэгнийг шантаажлан улс төрөөр бизнесээ үргэлжлүүлэхийн тулд л шударга дүр эсгэж байгаа байх аа. “Хажууд маань надаас авлига авсан хүмүүс суугаад байхад хачин санагдах юм” гэж ярьсандаа тэр өнөөдөр ороогдох нь зүйн хэрэг. Авлигатай тэмцэгчид түүнийг шалгах ёстой. Яагаад гэвэл тэр авлига өгснөө нийтэд ил тод зарласан байна. Энэ нь сайн хэрэг. Олигархиуд ингэж дотроосоо цэвэршвэл нийгэм аяндаа эрүүлжэх учиртай. Түүнд гурван жилийн ял төлөвлөх бол юу ч биш. Арван жил хүртэл шоронд хатааж болно. Дэндүү олон хүнд авлига өгсөн нь илэрвэл үүнээс өөр замгүй. Харин шүүх дээр очоод түүний үнэнээ хэлснийг прокуророос харж үзнэ. Гэлээ ч гэсэн эдлэх ял нь ялихгүй буурахаас цаашгүй. Ямартай ч найз маань өнөөдөр дааганаас биш даравгараасаа болоод өөрийгөө илчлэн “аавынд” морилох нь тодорхой боллоо. Энэ нь магадгүй цаашдаа бусад авлигачдад жинхэнэ үлгэр дууриалал болж мэдэх юм. Удахгүй түүний араас хэдэн хүн шоронд суухыг харах үлдэж байх шиг байна. Харин хэлснээ баталгаажуулан авлига авсан хүмүүсээ нэрлэж чадахгүй бол тэр улс төрөөс бүрмөсөн арчигдаж, хэн ч биш болно.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )