Амьтны ертөнцөд өөрөөсөө гэрэл гаргаж, хавь ойроо гэрэлтүүлдэг галт шувуу, гэрэлт цох гэх мэт сонин амьтад байдаг аж. Зөвхөн гэрэлтэгч цохны тухай эхлээд өгүүлье. Банкогийн орчим болсон нэг сонирхолтой үзэгдлийг эрдэмтэн ажиглажээ. Арав гаруй метр өндөр хэсэг модон дээр галт хорхой гарсан байжээ. 1,5 секунд тутамд тэд анивчих бөгөөд тэр бүрийд доорх навч нь тодрон харагдаж байв. Өмнө зүгийн ширэнгэнд маш хурц гэрэл бүхий шавьж, цох элбэг байдаг гэнэ. Пуэрто-Рикагийн хоёрхон цох л гэхэд бүтэн өрөөг гэрэлтүүлэх чадвартай. Тийм цохны гэрэлд ном уншиж болох биз. Эдгээр цох нь шар, ногоон, улаан, шар өнгө гарган шөнөжин тэнүүчилдэг байна. Уругвай, Бразилд их биеийнхээ дагуу хүрэн ногоон, толгойдоо хурц улаан гэрэлтэй галт хорхой бий. Байгалиас заяасан, ширэнгийн ийм цох хүний амь аварсан тохиолдол байдаг. Испани-Америкийн дайны үед эмч нар лонхонд хийсэн цохны гэрэлд мэс засал хийж байсан гэдэг.
Гэрэлтэгч цох гэгч тийнхүү цэрэг эрийн амийг аврахад тусалсан удаатай. XIX зууны сүүлчээр Саргассын тэнгист аялж явсан Францын судлаач Маркиз де Фалин доорх тэмдэглэлийг бичиж үлдээжээ.Түүнд, ”Бидний тавьсан торонд жижигхэн бут мэт амьтад орон, гарч ирэх үед нь хөлгийн талбай дээр байсан хорин дэнлүү мэдэгдэхгүй болтол хурц цахилгаан цацруулж байлаа. Энэ амьтан хөх ягаанаас үнсэн саарал, улаанаас улаан шар, цэнхрээс олон янзын ногоон, заримдаа улайдсан төмөр шиг цагаавтар гэрлийг нэг тодруулж, нэг бүдэгрүүлэн цацруулж байв. Гол нь ногоон өнгө зонхилох бөгөөд бусад өнгө нь хоромхон зуур гялсхийн ногоон өнгөндөө уусаж байв" гэж бичжээ. Майми хотын далайн шинжилгээний хүрээлэнгийн онгоц Баруун Африкийн эргээр урагшилж явжээ.
Гэрэл зурагчин боцманы суудал дээр суугаад зургийн аппаратаа далайн ус руу чиглүүлэн хүлээнэ. Тэгтэл ногоовтор шар гэрлүүд харанхуйн дундаас энд тэндгүй гялалзав. Зууван дугуй, нэг бүр нь бүтэн хагас фут хэмжээний кальмар гэгч далайн аварга наймаалж байв. Заримыг нь онгоцон дээр татаж авчрав. Кальмарын толгой дээрх цагаан толбо гэрэлтэхээ болив. Анивалзалт нь аажмаар бүдгэрч эхлэв. Гэрэл асаагаад түүний биеийг зүсэж үзэхэд түүний бие жижигхэн бөөрөнхий зүйлээр дүүрэн байв. Тэр нь гэрэлтдэг байсан юмсанжээ. Цохноос аваад кальмар, шувуу хүртэл гэрэл гаргаж байдаг нь амьтны ертөнц тун сонин юмаа.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ghtyytyy