Н.Золбоо тивээсээ гурав дахь хүрлээ зүүв

2017 оны 05 сарын 15

“Шинэ Дели-2017” чөлөөт бөхийн Азийн АШТ-ий Монголын багийн хамгийн сүүлийн барилдааныг 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, 2011, 2016 оны хүрэл медальт, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо хийж, тивээсээ гурав дахь хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Дэлхийн цомын аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Тахтийн цом ОУТ-ий аварга Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан. Харин дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялснаар Делигийн дэвжээнд эрэгтэй бөхчүүдээс гурав дахь медалийг эх орондоо авчирахаар боллоо.

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top