Римас Куртинайтис: Одоо нэг муу 18 -тай тоглогч хүртэл Жордан шиг аашилдаг болж

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

Зөвлөлт-Литвийн домогт сагсанбөмбөгч Римас Куртинайтисийн нэгэн ярилцлагыг хүргэж байна. 



-Европын сагсанбөмбөгийн холбоо, ФИБА-гийн явуулж буй бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа та өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан. Одоо бодол тань өөрчлөгдсөн үү?

-Хэвээрээ. Дээрх хоёр байгууллагад өмнө нь сагсан бөмбөг тоглож байсан хүн бараг алга. Шийдвэр гаргах төвшинд гэхэд Австриас байх жишээтэй. Энэ бол уналт.

-Нэг үе Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны тоглогчид Европт олноороо ирдэг байлаа. Одоо харин буцах байдал ажиглагдаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-ҮСБХ-ны шүүгчид явалт хийсэн байхад шүгэл үлээхгүй, зарим нэг алдааны хажуугаар нүдээ аниад өнгөрүүлдэг нь бүгд хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө хийж байгаа ажил. Тэнд яагаад Европ хөлбөмбөгийг бага сонирхдог гэж бодож байна. Олонх нь “тоглолт 0:0-ээр дуусч болно” гэж төсөөлдөггүйд байгаа юм. Хойд Америкаас ирэхдээ тэд мөн л адил малгайгаа шидсэн балиашгууд угтана гэж бодсон байх. Гэтэл маш олон хоригтой бачим орчин угтсан. Тэд ойлгоход хэцүү өөр олон шалтгаан бий. Жишээ нь тэд нэгийн эсрэг нэг тоглож дадсан байдаг, гэтэл энд түүнийг нь бараг зөвшөөрдөггүй. Агуу Доминик Уилкинс “Панатинаикос”-т тоглож байхад нь би өрсөлдөж байлаа. “Аваргуудын лиг”-т тоглож байсан юм. Каунаст бид 50:53-аар хожигдоход Доминик ердөө долоон оноо авсан. Дараа нь Афинд болсон хариу тоглолтод есөн оноо авч байгаа юм. Ер нь тэр улиралд хэдхэн удаа л 10-аас дээш оноо авсан байх. Ийм тоглогчид жилийн 3.5 сая “ногоон” төлөх нь харамсалтай учир баг нь түүнийг улирлын дундуур чөлөөлсөн. Гэтэл тэр “Сан Антонио”-д очмогчоо тоглолтод 30 оноогоо аваад эхэлсэн. Одооны тоглогчид яагаад буцаад байгааг мэдэхгүй юм. Гэхдээ энэ нь тэдний л мэдэх хэрэг шүү дээ.

-Вальдемарас Хомичюс нэгэнтээ “Заримдаа залуу тоглогчдод хүрз бариулаад газар ухуулмаар санагддаг” гэж өгүүлж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Хоёрдугаар багт тийм нөхдүүд байдаг л даа. Сэтгэл ханачихсан. Би “Жальгирис”-ийн нөөц багт байхдаа бөмбөг зөөж, бүгдэд тусладаг байсан. Би үндсэн бүрэлдэхүүнд орж чадахгүй гэдгээ мэддэг ч тэгдэг байсан юм. Эцсийн эцэст намайг үнэлж, би ч боломжийг алдахгүйг хичээсэн. Харин одоо бол 18 настай залуу тоглогч гэхэд л талбай дээр Жордан шиг аашлах болж. Бас ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээсээ илүү “хэдийг өгөх юм” гэж асуудаг болжээ. Хомичюсыг ойлгож байна. Тэр Ленин шиг, хоногийн 24 цагт ажилладаг байсан. Багийн бүх хар ажлыг хийлээ гээд тийм ч их өндөрлөгт хүрч чадаагүй. 

-Арвидас Сабонис нэгэнтээ “1992 оны олимпод Литвийн бүрэлдэхүүнд тоглож хүртсэн хүрэл медаль ЗХУ-ын бүрэлдэхүүнд тоглож авсан бүх алтан медалиас илүү үнэ цэнэтэй” гэж хэлж байсан. Та санал нийлэх үү?

-Сэтгэлийн хөдлөлөөр л хэлсэн байх. Манай улс тусгаар тогтнохыг үргэлж хүсдэг байсан. 90-ээд онд энэ хүсэл биелж бидний өмнө олон боломж нээгдсэн юм. Хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна, гэхдээ олимпийн алтан медаль гэдэг хамгийн хүндтэй шагнал. Тиймээс Сабастай санал нийлэхгүй. Алтан медалийг бид зөвхөн ЗХУ-ын төлөө биш, дэлхийгээс авсан юм.

-Бүх цаг үеийн шигшээ багийг байгуул гэвэл гарааны бүрэлдэхүүнд хэнийг багтаах вэ?

Миний дуртай тоглогч Сергей Белов энэ багт гарцаагүй орно. Түүнийг довтлох чиглэлийн хамгаалагчийн байрлалд тавья. Төвийн тоглогчоор Сабонис, өөр хувилбар байхгүй. Модестас Паулаускас хүнд довтлогчийн байрлалд тохирно. Андрей Кириленког бас оруулна. Тэр ажлаа хйихийн хажуугаар багийн нөхөддөө ч сайн тусладаг. Тэрбээр ямар ч тоглогчийг хамгаалж, дээр нь нөхцөл байдлыг маш зөв дүгнэн, түргэн хугацаанд стандарт бус шийдэл олж чаддаг. Стас Еремин маш зальтай тоглогч. Багаа ялуулахын тулд бүхнийг хийдэг.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
фанат(66.181.160.92) 2017 оны 05 сарын 22

жальгирис нэгэн үеийн шүтээн сайхан баг байсандаа Марчюленисийг энд яагаад дурдсангүй вэ

0  |  0
Top