Якутад гурван орны бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ

2017 оны 05 сарын 24

2017 оны зургаадугаар сарын 12-15-нд ОХУ-ын Назрань хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Оросын АШТ болно. Тус тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхийг хүсчээ.

Үүний дагуу ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир (Хилчин), Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ З.Занабазар (Арслан), Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга (Арслан), “Монголиа Опен-2017” ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Н.Амарсайхан (Харгант цамхаг) гэсэн таван тамирчин гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр хөл тавиад байна.

Якут, манай улсын бөхчүүдээс гадна Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Сахад очоод байна. Манай бөхчүүдийн хувьд ялгаагүй зургадугаар сарын 10-11-нд болох сонгон шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэл болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top