Чөлөөт бөхийн зургаан тамирчин ирэх намар Инчёон хотыг зорино

2017 оны 05 сарын 25

“Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн зуны спортын наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар /2017.05.24/ ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан.

Тэгвэл энэ жил ОУХМ Б.Нямбаяр, спортын мастер Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай баг тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top