Холимог тулааны UFC холбооны дэлхийн аварга Конор Макгрегор, мэргэжлийн боксын амьд домог Мэнни Пакъяао нарын хооронд тулаан болж магадгүй гэсэн мэдэээлэл тулааны спорт сонирхогчдыг сэтгэлийг “гижигдэж” эхлээд байна. Энэ талаар М.Пакъяаогоос өөрөөс нь асуухад “Конор өөрөө санал тавих юм бол надад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ холимог тулааны дүрмээр л биш байх ёстой. Яагаад гэвэл энэ төрөл боксоос дэндүү ялгаатай” хэмээн хариулсан юм.
Түүнийг ингэж мэдэгдсэний дараа мэргэжлийн боксын домогт промоутер Боб Арум “Top Rank” промоутерын компанийн Ерөнхийлөгч Тодд Дебефт хандаж, “UFC холбооны удирдлагатай уулзаж, ийм тулаан явуулах боломжийн талаар ярилцах” даалгавар өгсөн нь хүмүүст, “Дүрмээ л тохирчихвол тулаан болох юм байна” гэсэн итгэл төрүүлээд буй. Өөрөөр хэлбэл, бүхний анхаарал UFC холбооны байр суурь яах бол гэдэг дээр төвлөрөөд байсан юм. Тэгвэл тус холбооны тэргүүн Дана Уайт энэ тулааныг зохион байгуулах бодолгүй байгаагаа хэвлэлээр дамжуулан мэдэгджээ.
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Мэнни Пакъяод дуртай л даа. Гэвч Боб Арумд дургүй” гээд “Чамтай хэзээ ч хамтарч ажиллахгүй учраас над руу утсаар залгаж мөнгөө битгий үрээрэй” хэмээн үг дайжээ.
Б.Арум, Д.Уайт нарын таагүй харилцаа 2009 оноос эхэлсэн юм. тэр үед Б.Арум холимог тулаанчдыг газар дээр хэвтээгээр тулалддагийг нь шоолж ижил хүйстнүүдтэй зүйрлэн доромжилсон юм. Энэ зөрчил өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч илэрч, Б.Арум боксчдодоо Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон, Б.Сандерс, Ж.Кейси нарыг дэмжихийг уриалахад UFC холбооны удирдлагууд Д.Трампыг дэмжихийг гишүүддээ уриалж байв.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )