Орос гаралтай ёкокүна Тайхогийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Японы мэргэжлийн сүмогийн домогт их аварга Тайхо Коки. Монголчууд бид энэхүү домогт бөхийг мэргэжлийн сүмод 32 түрүүлсэн, Хакухо тэрхүү амжилтыг нь эвдсэн гэдгээс өөрийг нэг их мэддэггүй. Харин оросууд тун сайн мэддэг нь түүний удам угсаатай холбоотой юм байна. Түүний эцэг нь Полтавын губернээс гаралтай бөгөөд ирээдүйн их аварга төрөхдөө Иван Борышко хэмээх нэртэй болжээ. 2011 онд, Тайхог 71 настай байхад нь Украин улс түүнд хүндэтгэл үзүүлж, “Гавьяаны төлөө” III зэргийн одонгоор шагнасан аж.

Ирээдүйн их аваргын эцэг Маркиан Борышкогийн гэр бүл XIX зууны эцсээр Сахалинд ирж суурьшчээ. Тэрбээр залуудаа контрбанд /хориотой наймаа/ хийдэг байж. Тухайн үед аралд япончууд, оросууд холилдон амьдардаг байсан аж. Харин 1925 онд арлыг ЗХУ эзэмшилдээ авахад Маркиан япончуудтай хамт өмнөд Сахалинд очиж суурьшчээ.

Сикука /одоогийн Поронайск/ хотноо тэрбээр япон бүсгүй Киэ Наятай гэрлэжээ. Эхнэр нь түүнд гурван хүү, нэг охин түрүүлж өгсний хамгийн бага нь Тайхо аварга юм. Тайхо 1940 онд мэндэлжээ. Эцэг нь тэр үед 55 настай байсан байна. Тэрбээр отгон хүүдээ Иван хэмээх нэр хайрласан бөгөөд япончуудын дунд амьдарч байсан тул “аз жаргал, баяр баясгалан” гэсэн утгатай Коки хэмээх япон нэрийг мөн өгчээ.

1945 онд ЗХУ-ын цэрэг Өмнөд Сахалинд орж ирэхэд эцэг нь тэнд үлдэж, япон хэлний орчуулагч хийх болсон байна. Харин эхнэр хүүхдүүд нь хоккайдо арал руу нүүлгэн шилжүүлэгджээ. Иван Борышко тэнд сүмогоор хичээллэж, Тайхо /цагаан галт шувуу/ хэмээх нэрээр барилдаж эхэлсэн юм.

          Ёкозүна гэдэг нь сүмогийн хамгийн дээд цол. Тэмцээнд хоёр дараалж түрүүлсэн бөхөд уг цолыг хүртээдэг гэдгийг бид мэднэ. Мэргэжлийн сүмогийн анхны аварга Акаши Шиганосүкэ XVII зуунд амьдарч байсан бол 70 дахь аварга нь манай Харумафүжи байна. Харин Тайхо аварга 48 дахь нь байсан юм.

Тайхо 1960 онд дээд зиндаанд дэвшсэн юм. Тэр жил эцэг нь өмнөд Сахалинд нас нөгчсөн. Гэсэн ч тэрбээр сэтгэлээр унаж спортын амьдралаа цалгардуулсангүй, есдүгээр сард эзэн хханы цомыг анх удаа хүрттжээ. Харин дараа жил нь тэрбээр их аварга болж, энэ цолд хүрсэн хамгийн залуу бөхөөр тодорсон юм. Үүнээс хойш тэрбээр 32 удаа түрүүлж, домогт бөх гэгдэх болсон билээ. Ид үед нь түүнд өрсөлдөгч байсангүй. Кашивадо хэмээх их аварга энэ үед мэндэлсэн ч Тайход даруулсаар ердөө тавхан удаа түрүүлж байжээ. Тэд дэвжээн дээр өрсөлдөгчид ч амьдрал дээр дотно нөхөд байсан гэдэг.

 Тайхо аварга анх 1977 онд инсульт болж байжээ. Түүнээс хойш энэ өвчин түүнийг байнга зовоосоор их аварга 2013 онд тэнгэрт хальсан билээ.


 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top