Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг буюу Богд уулын ард өчигдөр иргэдийн дунд бяцхан зодоон боллоо. Энд “БТТ инвест” компанийхан 4 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр авсан юм байна. Гэвч байгалийн унаган төрхийг алдагдуулан нүх ухаж, том ургаа хад чулуунуудыг бут цохин зөөгөөд хашаа хатгаж эхэлсэнд иргэд бухимджээ. Дүүргийн цагдаагийн хэлтсээс зодооныг зогсоохоор очтол тэднийг ч бас зарим нь барьж аван зодохыг завдав. Энэ бужигнааны үеэр харамсалтай нь “Г” гэгч жирэмсэн эмэгтэй хүмүүст дайруулан унаж золтой л тээж яваа үрээ зулбуулчихсангүй. Түүнийг ойр хавийнх нь хүмүүс эмнэлэгт хүргэж өгөв. Компанийн менежер М.Энхбаатарын ярьж байгаагаар бол уг газар нь албан ёсны зөвшөөрөлтэй гэж байна. Харин иргэдийн зүгээс “Яам, газрын албаныхны хуйвалдаанаар дархан цаазат газрыг хувийн эзэмшилд өгсөн” хэмээн тийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ. Урьд нь энэ хавийн газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэж аваад орон сууцны барилга барьсан компани олон бий. Тэдгээрийг Баягаль орчин аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газрын албад нь цаашид хэрхэн зохицуулах учраа олохгүйд хүрсэн гутамшигт явдал дахин давтагдсаар байгаа нь энэ бололтой. Засгийн газраас сүүлдээ орон сууц барьсан баячуудаас өндөр татвар авч, хуримтлагдсан мөнгийг нь байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахад зориулах талаар ярьдаг боловч бодитой шийдсэн зүйл алга байгаа ажээ. Сайд Л.Гансүх ч энэ талаар тууштай юм хийхгүй, Богд уулын дархан газрыг ийнхүү улам сүйтгэсээр байна. Түүний өмнөөс харин жирийн иргэд байгаль орчноо луйварчдаас хамгаалахаар тэмцэж, хохирол амссаар байдаг болжээ. Нэртэйгээр нь ажил хийдэггүй яамыг нь татан буулгаад байгаль хамгаалах ажлыг тухайн орон нутгийнх нь иргэдэд даалгаад өгчихвөл яасан юм бэ. Юу нь болохгүй байхав. Л.Гансүхээс лав илүү сайн ажиллаж байж магадгүй юм шүү. Эсвэл сайд Л.Гансүх ажлаа жирийн иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд даалгаад өгчихсөн хэрэг үү.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )