Майкл Жорданы пүүз 190 мянган ам.долларын үнэ хүрэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы 1984 оны олимпод түрүүлэхдээ өмсч байсан пүүз “SCP Auctions” дуудлага худалдаагаар 190 мянган ам.доллараар зарагджээ.

Пүүзийг аваргын төлөө Испанийн шигшээ багтай тоглохдоо өмсч байсан, мөн түрүүлснийхээ дараа гарынхаа үсгийг зурсан зэрэг нь ийнхүү өндөр үнэ хүрэх шалтгаан болсон байна. Тус пүүз М.Жорданы хувцаснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь болжээ. 1997 оны Үндэсний сагсанбөмбөгийн холбооны аваргын төлөө тоглохдоо өмсч байсан пүүз 2013 онд 104 мянган ам.доллараар зарагдсан нь өмнөх дээд амжилт байв.

М.Жордан нь спортын замналдаа “Чикаго буллз” багтайгаа ҮСБХ-ны аваргаар зургаан удаа шалгарч, тухай бүртээ шигшээ тоглолтын шилдэг тоглогч болсон төдийгүй Улирлын үнэ цэнэтэй тоглогчоор таван удаа тодорч байсан юм. Тэрээр 1984, 1992 онд хоёр удаа улсынхаа шигшээ багт багтан олимпийн наадамд түрүүлж байв. Домогт сагсанбөмбөгч маань эдүгээ ҮСБХ-ны “Шарлотт Хорнетс” багийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд буяны ажилд багагүй цаг зарцуулах болжээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top