Кевин Принц Боатенг: Эхнэртэйгээ найман жил амьдарсны эцэст ганц чемодантайгаа л үлдсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Гана гаралт герман залуугаас Италийн “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагч ярилцлага авсныг хүргэж байна. Кевин Принц Боатенг. Италийн Милан клубт тоглож байсан алдартай хөлбөмбөгч. Түүний замналд олон гайхалтай мөчүүд бий. “Милан” клуб “Лечче” багтай тоглоход тэрбээр итгэмээргүй нэгэн амжилтын эзэн болсон юм. Баг нь 0:3-аар хожигдож явахад тэрбээр хоёрдугаар үед сэлгээгээр гарч ирээд 14 минутын дотор гурван гоол оруулж, багийнхаа сэргээсэн билээ. Улмаар “Милан” дахин нэг гоол оруулж 4:3-аар хожсон түүхтэй. “Аваргуудын лиг”-т “Барса”-тай хийсэн тоглолтонд ч тэр ур чадвараа гайхуулж хожил авч байсан. Эхлээд харахад тэрбээр Мохаммед Алигийн зураг шивүүлсэн, аз жаргалтай нэгэн мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ туулсан амьдрал нь ээдрээтэй бөгөөд хуучны дурсамжгүйгээр л аз жаргалтай гэж хэлж болох юм. Тэрбээр 16 настай байхад нь гоол оруулахыг хараад баярлан хөөрч байсан  Женни гэх урт үстэй хөөрхөн охинтой дөрвөн жил үерхсний эцэст 20 настайдаа гэр бүл болсон юм. Хуримынхаа анхны шөнө л хосууд хүүхэд олж, хүүдээ Принц гэж өөрийнхөө нэрний хэсгийг өгчээ. Нэгэн цагт аав нь ч гэсэн хүүдээ өөрийнхөө нэрийг өгч байсан уламжлалыг тэрбээр ийнхүү дагасан байна. Гэвч хайр хөрөн хөрсөөр нэг л өдөр үгүй болсон. Эхнэр нь Берлин рүү буцаж, хүү нь мэдээж хэрэг ээжийгээ дагаад явжээ. Боатенг хүүгийнхээ “Аав аа та хаана байна. Яагаад надтай хамт байхгүй байгаа юм бэ” шулганахыг өдөрт хэдэн удаа сонсдог гэнэ. Гэхдээ харилцуурын цаанаас. Италиас Герман хүртэл хоёр цаг л ниснэ, гэхдээ бүх зүйл тийм амар биш ажээ.



-Энэ бүхэн хэзээ болсон юм бэ?

-Үнэн хэрэгтээ бол энэ бүхэн зүйл хэдэн сарын турш үргэлжилсэн л дээ. Тэгээд нэг өдөр би түүн рүү эгцлэн харж байгаад “Үнэн үү. Бидний хооронд бүх зүйл дууссан гэж үү” гэж асуусан. Тэр ч “Тийм ээ үнэн” гэж хариулсан. Найман жил хамт амьдарсны эцэст би цүнхээ аваад зочид буудалд очсон. Ганц чемодантай л үлдсэн дээ.

-Харин тэр?

-Тэр яасан гэж. Би хүүхэддээ сайн сайхныг хүсдэг. Тиймээс хүүгээ ямар ч харилцаагүй өсгөхийг нь зөвшөөрөөгүй. Эцэг эх нь салсан айлын хүүхэд ямар байдгийг би мэднэ.

-Тийм үү?

-Миний аав ээж салсан юм /Боатенгийн ээж Кристина герман, аав Принц нь гана үндэстэн /. Салалт болох хүртэл бид турк, оросын цагаачид голдуу амьдардаг Берлиний Веддинг дүүрэгт амьдарч байсан юм. Дэлгүүрээс дэлгүүрийн хооронд тэнэсэн цагаачдын дунд миний бага нас өнгөрсөн. Би тэр үеийг нэг их сайн санадаггүй юм. Тэр нь ч дээр байх.  

-Гунигтай дурсамж байна шүү?  

-Миний бага нас тийм ч сайхан орчинд өнгөрөөгүй ээ. Бид ядуу зүдүү амь зуудаг байв. Хувцасны дэлгүүрийн эзэн байсан эцэг маань намайг нэг настай байхад ээжийг хаясан. Ээж маань намайг тэврээд Жеромыг хөтлөөд л хоцорсон доо. Тэр сүүлд нь өөр эмэгтэйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсон. Тэр нь хоёр өөр эрийн гурван хүүхдийг гаргасан байсан гэдэг юм. Эцэг маань биднийг мөнгөгүй, хар ус, хатсан  талхаар өл залгаж байх үед анхаараагүй юм даа. 

-Гэхдээ та түүнийг санадаг уу?

-Хүүхэд насныхаа дурсамжаас аавтай холбоотой ганцхан л явдлыг санадаг. Аав ах бид хоёртой асфальтан талбай дээр өдөржин тоглож, дараа нь МакДональдс руу авч явсан юм. Ингээд л болоо...

 -Харин ээж тань?

-Би дэлхийн хаана ч байсан гэсэн талбайд гарахдаа ээж маань Берлиний хаа нэгтээх итали кафед суугаад үзэж байгаа гэдгийг мэддэг. Тэр бас надад мессеж бичдэг.

-Юу гэж бичих юм?

-Намайг хамгийн шилдэг нь гэж. Бас хамгийн сайхан, хамгийн хүчтэй гэдэг. Бусад ээжүүдийн хүүхдүүддээ хэлдэг тэр л үгсийг бичдэг дээ.

-Одоо чи баян болсон юм чинь ээждээ тусладаг биз дээ?

-Байрных нь мөнгийг төлдөг юм.

-Италичууд хямралаас гарахын тулд эв санааны нэгдлийн татвар гэгчийг сэдэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цалингийн маань 48 хувь нь татварт явдаг. Сая саяын асуудал яригдаж байгааг ойлгож байна, гэхдээ одоо ч тэдний ихэнх нь татварт явдаг шүү дээ.

-Асфальтан талбайгаас “Сан Сиро”-д ирэх зам хэрхэн эхэлсэн бол?

-Долоон настайгаас. Нэг удаа хөлбөмбөг тоглохоор сургууль дээрээ очтол тэнд Деннис гэдэг шар үстэй жаал байсан. Тэр миний эсрэг тоглосон юм. Тоглолт дуусаны дараа тэрбээр надад хандаж “Чи сайн тоглох юм аа. Би чиний тухай аавдаа хэлнэ ээ” гэсэн юм. Деннисийн аав нь “Герта” багийн хүүхдийн багийн дасгалжуулагч байсан юм билээ.     

-Дараа нь Английн “Тоттенхэм” явсан байх аа?     

-Англи явахын өмнө Женнифер бид хоёр гэрлэсэн. Тэгэхэд бид дөрвөн жил үерхээд байсан. Тэр миний анхны дэмжигч, тиймээс бид нэг гэр бүл болчихоод Лондонд очьё гэж шийдсэн юм.  

-Та хоёр яаж танилцсан юм бэ?

-Тэр найзын маань сүйт бүсгүй байсан юм. Тэгэхэд бие 15-тай, тэр надаас гурваар эгч байсан.

-Одоо Женнифер хүү хоёр чинь танаас хол байгаа. Тэр дахин шинэ хайртай учирсан болов уу?

-Үгүй ээ.

-Танд хүүгийн тань юу нь их үгүйлэгддэг вэ?

-Өглөө сэрээд түүнийгээ хажууд байхгүй гэдгийг мэдрэх хамгийн хүнд байдаг. Түүний бөмбөг рүү хардаг харц нь надад үгүйлэгддэг. Хүү маань хөлбөмбөгт ухаанаа тавьдаг юм. Энэ ч миний цуснаас болсон байх. Бас зурагтын өмнө зогсоод Майкл Жексоныг дуурайн бүждэгийг нь үгүйлнэ.

-Та чөлөөт цагаараа Попын хааныг дуурайдаг гэж үнэн үү?

-Үнээн. Би ганцаараа ч ингэдэг юм биш. Майкл Жексон телевизээр гарах л юм бол Робиньо шууд ажилдаа ордог. Бас Замброттаг яадгийг харсан ч болоосой.

-Шүтээнээ өнгөрснийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би 2009 онд Лондоны О2 ордонд тоглолтыг нь үзэж байсан юм. Тэгэхэд би “Энэ бол чиний шүтээн, гэхдээ чи түүнийг нэг ч удаа харж байгаагүй, харин тэр хөгширч байна” гэж өөртөө хэлсэн. Гэвч тэр арай л эрт тэнгэрийн орон руу одчихлоо. Энэ мэдээг сонсох үед би Мальоркад байсан. Жижиг майхан дахь зурагтаар түүний нас барсан тухай мэдээ дамжуулж, амьдралынх нь мөчүүдийг нэвтрүүлэхийг хараад уйлсан.

-Таны бие шивээсээр дүүрэн юм?

-Надад миний зүүн мөрөн дээр байдаг хүүгийн минь шивээс таалагддаг. Бас нэг гар дээрээ Берлин, нөгөө гар дээрээ Принц гэж шивсэн.

-Та нэг гар дээрээ trust /итгэл/, нөгөө гар дээрээ believe /найдлага/ гэсэн үгсийг шивсэн байна. Яагаад тэр вэ?

-Хүүхэд байх үедээ эхэлсэн болохоор тэр байх. Ирээдүйн талаараа шивээс хийлгэдэг байсан гэх юм уу даа. Одоо бол таалагдсан зургаа бие дээрээ буулгахыг хүсдэг.

-Таныг Ганын шигшээд тоглохоос татгалзсан явдлыг хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй?

-Дортмундад байхаас эхлээд л одоо ч хүртэл миний санаа хоёрдож байсан. Өвдөг маань зургаан уда гэмтэж байсан, тэрнээс ч олон удаа мэс засалд орсон. Одоо онгоцоор нисэх юм уу, бороо орохын өмнө өвддөг юм. Тийм болохоор л “Баяртай, Гана” гэж хэлсэн. Эрүүл мэндээ бодсондоо л тэгсэн хэрэг.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Reader(172.58.140.169) 2017 оны 06 сарын 14

Bi sain medq ene hunii talaar gehdee zovlon uzej ussun hun hatuujiltai boldog

0  |  0
Top